Шууд Chart

57 кг-ийн аваргууд энэ сарын 19-нд тодорно

2022-11-16 11:39:12

 

Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо"-ноос "MGL-1 FIGHTING CHAMPIONSHIP" холимог тулааны 57 кг-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 18 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

“Crocus event hall”-д энэ сарын 19-нд болох тус тулаанд есөн хос өрсөлдөхөөс долоог нь холимог, хоёрыг нь өсвөрийн кик боксын дүрмээр явуулах аж.

Баянхонгор аймгийн харьяат "Голдан стар" клубийн тамирчин Б.Цэндсүрэн, 112 академийн тамирчин Т.Нямжаргал нар аваргын бүсийн төлөө өрсөлдөх юм.

Б.Цэндсүрэнгийн хувьд найман удаа мэргэжлийн тулаан хийж байснаас долоод нь ялж байжээ. 2021 оны 57 кг жингийн номер нэг тамирчин тэрбээр энэ удаад хүч, чадвараа үзүүлэх нь.

Түүнтэй өрсөлдөх Т.Нямжаргалын тухайд зургаан удаа тулалдаж байснаас зургууланд нь ялсан амжилттай тамирчин.

Тэмцээнээ анх мэргэжлийн кик боксын дүрмээр зохион байгуулсан бол 2010 оноос хойш холимог тулааны төрлөөр аваргаа шалгаруулж эхэлжээ.

Энэ хугацаанд холимог тулааны кик боксын аварга Ж.Нарантунгалаг Ази Номхон далай орнуудын "Legend FC" аваргын бүс, "ONE CHAMPIONSHIP" холбооны дэлхийн аваргын бүсийг авч Монгол Улсын Гавьяат тамирчин болсон билээ.

Мөн тус холбооноос зохион байгуулсан тэмцээний аваргууд тив, дэлхийд нэрээ гаргасаар байна. Тухайлбал, АНУ-ын  UFC холбоонд 66 кг жингийн аварга Д.Батгэрэл, "One championship" холбоонд 57 кг жингийн аварга О.Пүрэв, 70 кг жингийн аварга Ц.Амарсанаа, 65 кг жингийн аварга З.Шинэчагтага, БНСУ-ын холимог тулааны Road холбоонд 61 кг жингийн аварга МУГТ Б.Дамланпүрэв, 70 кг аварга Х.Амартүвшин, 57 кг жингийн аварга О.Отгонтулга, 77 кг жингийн аварга Б.Батсүмбэрэл зэрэг аваргууд Монгол Улсын нэрийн өмнөөс тулалдсаар байна.

Тулаан болох 57 кг жинд 13 жилийн турш гурван аварга байсан бөгөөд Р.Отгонтулга хоёр удаа, О.Пүрэв, н.Сүхбат нар тус бүр нэг удаа аваргын бүсийн эзэн болсон юм. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

57 кг-ийн аваргууд энэ сарын 19-нд тодорно   
Үзсэн: 458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй