Шууд Chart

Улсын гавьяат тамирчин П.Орхон “Bill farrel”-ийн нэрэмжит тэмцээнээс алтан медаль хүртлээ

2022-11-21 13:54:41

Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон АНУ-ын Нью-Йорк хотноо болсон “Bill farrel”-ийн нэрэмжит олон улсын тэмцээнээс алтан медаль хүртлээ.

Энэ тухайгаа тэрбээр "Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрсөн хэдий ч тамирчны замналын түүхэн дэх амаргүй хамгийн хүнд, хэцүү, уртын урт он жилүүдийг ардаа үджээ. Миний унаж босоход үргэлж хажууд минь байж хана мэт түшиг болсон хань чамдаа, аав ээж, ах дүү, найз нөхөд, хөгжөөн дэмжигч нартаа болон бөхийн эрдэм зааж дэлхийн аваргын бүсийг зүүлгэж өгсөн ачит багш, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр нартаа юун түрүүнд баярлалаа. Миний хамгийн эрхэм хүмүүс байж үргэлж урам зориг, итгэл найдвар төрүүлж өдий хүртэл надад итгэж туслан дэмжиж яваа Н.Батсайхан ах түүний гэргий Д.Солонго эгч нартаа чин сэтгэлээсээ талархаж яваагаа илэрхийлье. Энэ тэмцээн нь бэлтгэл сургуулилтаа сайн хийж, алхам алхамаар амжилтаа ахиулан дараачийн зорилгоо тавин урагшилахад надад маш их урам зоригийг өглөө. Цаашдаа би сайн хичээж зорьсон зорилгодоо хүрч та бүгдийгээ баярлуулах болно" хэмээн бичжээ.

Спортын арбитрын шүүх дэлхийн аварга П.Орхоны давж заалдах гомдлыг хэлэлцэж, түүний барилдах эрхийг энэ оны есдүгээр сарын 16-нд сэргээсэн юм.

Эргэн сануулахад, чөлөөт бөхийн 2018 оны Азийн наадмын үеэр П.Орхоноос допинг илэрч, Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (ДБНХ)-ноос түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан.  Мөн “Жакарта-2018” Азийн наадмын 62 кг-ын алтан медалийг нь хураан авч, үзүүрлэсэн Киргизийн бөх Айсулуу Тыныбековад нөхөн олгож байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын гавьяат тамирчин П.Орхон “Bill farrel”-ийн нэрэмжит тэмцээнээс алтан медаль хүртлээ  
Үзсэн: 397 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй