
Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. Өнгөрөгч долоо хоног улс төрийн үйл явдал арвинтай өнгөрлөө.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч долоо хоногт сэтгүүлчидтэй уулзаж, нам, фракцаар сайд томилдогийг болих хэрэгтэйг хатуу сануулсан. Тэрбээр энэ уулзалтаар "Ухаалаг төрийн хүрээнд боловсруулж буй зарим хуулийн төслийн тухай" танилцууллаа. Тодруулбал, Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл боловсруулжээ. Мөн Шилэн дансны тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл, Захиргааны ерөнхий хуулийн төслийг боловсруулсан байна. Эдгээр хуулийн төсөл нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах, төсвийн зарцуулалтыг ил болгох, иргэд төрийн үйл ажиллагаанд үзэл бодлоо илэрхийлэх, байгууллагуудад хяналт тогтоох боломжийг бий болгох аж. Төрийн тэргүүний сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг жил бүрийн долоодугаар сарын 11, 12, 13-ны өдөр нийтээр амарч, баяр болгон тэмдэглэхээр хуульчилсан байдаг. Гэвч эдгээр баярын өдөр нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан долоо хоногийн амралтын өдрүүдтэй /бямба, ням/ давхацсан тохиолдолд нөхөж амрах эрх зүйн зохицуулалт байдаггүй тул Засгийн газраас үндэсний уламжлал, эв нэгдэл, тусгаар тогтнолын баталгаа, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн Үндэсний их баяр наадмаар бүх нийтээр амарч, тэмдэглэн өнгөрүүлэх гурван өдрийг тав болгож, улс орны хэмжээнд нийтээр амрахаар хуулийн төсөл боловсруулаад байсан. Өнгөрөгч долоо хоног УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ асуудлыг хэлэлцэн баталлаа. Долоодугаар сарын 10-ныг ажлын өдөр гэж тооцож байгаа. Тиймээс долоодугаар сарын 11-ний өдрөөс эхлэн бүх нийтээр тав хоног амрахаар болов.
УИХ-ын өнгөрөгч долоо хоногийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжив. Уг хуулийн төсөлд үүрэн телефоны хэрэглэгчид утасны дугаараа солихгүйгээр үүрэн холбооны компаниа сольж болохоор заасан юм.
Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг Хууль зүйн Байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг тус Байнгын хорооны даргаар сонгох санал дэмжигдлээ. Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллоор санал хураалгаж улмаар дээрх хууль, тогтоолын төслийг батлахыг гишүүдийн олонх дэмжив. Харин хаалттай хуралдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх асуудлыг хойшлуулж, Төмөр замын царигийн талаар дахин нягтлаж, нэгдсэн байр суурьт хүрэх ёстой гэж үзсэн. Хаалттай хуралдааны үед шийдвэр гаргах бус харин төмөр замын асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэхээр ярилцсан гэж зарим гишүүн хэлэв. Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын хаврын чуулган албан ёсоор хаалтаа хийлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгатай уулзсан уулзалт түрүү долоо хоногт хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Х.Баттулга гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягт ил захидал илгээж мөн л хүмүүсийн анхаарлыг татлаа. Гишүүний Ерөнхий сайдад илгээсэн ил захидлыг бүрэн эхээр нь ЭНДЭЭС уншиж болно.
Х.Баттулга гишүүний илгээсэн ил захидалд Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч долоо хоногт багтаж хариу өглөө. Ерөнхий сайд “УИХ-ын гишүүн Х.Баттулгаас миний нэр дээр хаяглан ирүүлсэн ил захидалдаа хөндсөн асуудлуудтай холбогдуулж энэхүү мэдэгдлийг гаргаж байна” гээд
1.“Харилцаа холбооны салбарт ZTE, Huawei компаниудын тоног төхөөрөмж, программ хангамжийг ашиглах” тухай шийдвэр 2009 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ асуудлаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу ажил нь хийгдэж дууссан болно.
2.Эрхэм гишүүн таныг 2008 оноос Зам, тээврийн сайдаар дөрвөн жил ажиллахдаа УИХ-д өргөн мэдүүлж батлуулсан төмөр замын бодлогыг манай Засгийн газар огтхон ч зөрчөөгүй бөгөөд уул уурхайн бүтээгдэхүүн нь шууд гадагшаа гарах зарим боомтод нарийн царигтай төмөр зам тавих асуудлыг “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ын дагуу УИХ-д өргөн мэдүүлээд байна.
3.“Банк оф Чайна”-гийн салбарыг Монголд байгуулах асуудал Засгийн газрын түвшинд огт яригдаагүй болно.
4.“Үндсэн хуульд нийцүүлэн боловсруулсан “Газрын тухай багц хуулийн төсөлд газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид өмчлүүлэхийг зөвшөөрсөн заалт тусгасан мэтээр мушгин гуйвуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдийг төөрөгдүүлэх зохион байгуулалттай аян эхэлсэн тул энэ хуулийн төслийг эргүүлэн татсан. Шинэчлэлийн Засгийн газар Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд хор хохирол учруулах ямар нэг шийдвэр гаргаагүй бөгөөд ийм шийдвэр хэзээ ч гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ.
Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс өнгөрсөн сард солонгос хоолны газар нохойн махаар хоол хийж байна гэсэн Төрийн бус байгууллагаас ирүүлсэн мэдээллийн дагуу “Пхеньяан” гэх солонгос хоолны газрын үйл ажиллагаанд шалгалт хийснээ өнгөрөгч долоо хоногт мэдээллээ. Шалгалтаар тус хоолны газраас 7.2 кг нохойн мах илрүүлсэн байна. Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс уг нохойны махыг зориулалтын дагуу устгаж, хоолны газрын үйл ажиллагааг түр зогсоолоо. Холбогдох хуулийн дагуу тус байгууллагад 960.0 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
Одоогоор нийслэлд 20, орон нутагт 80 гаруй ТҮЦ машин ажиллаж байна. Тус машинаас иргэд иргэний үнэмлэхийн болон бусад бичиг баримтын лавлагаа авдаг. Түүнчлэн иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд шинээр үнэмлэх захиалах боломжтой юм. Хуульд зааснаар, иргэний бичиг баримтаа гээгдүүлсэн тухайн хүнд 5-40 мянган төгрөгийн торгууль ногдуулдаг. Тэгвэл ТҮЦ машинаар үнэмлэхээ захиалахад хамгийн доод хэмжээ болох 5000 төгрөгийн торгууль төлөх юм байна.
Өнгөрөгч сарын сүүлчээр баруун аймгуудаар орсон хүчтэй аадар борооны улмаас үер усны гамшиг нүүрлээд байна. Тодруулбал, зургаадугаар сарын сүүлчээр Говь-Алтай аймгийн Алтай хот үерт автагдаж дулаан болон цэвэр, бохир усны газар доорх шугамууд, улсын болон орон нутгийн чанартай авто замууд усанд автжээ. Түүнчлэн зарим айл өрх, албан байгууллагууд үерт өртсөн байна. Үерийн улмаас ард иргэд, байгууллагуудад 400 гаруй сая төгрөгийн хохирол учирсан урьдчилсан тооцоо гарчээ.
Мөн зургаадугаар сарын 22-23-нд шилжих шөнө орсон дуу цахилгаантай борооны үед Баянхонгор аймгийн Галуут сумын нэгдүгээр багийн нутаг Агьтын голын эхэнд зусаж байгаа малчин Г.Энхбаатарын хотонд аянга буусан байна. Аянга ниргэсний улмаас хоёр айлын нийт 14 үнээ /сарлаг/, 25 тугал хорогджээ. Хорогдсон малыг орон нутгийн ханшаар хохирлыг тооцож үзэхэд үнээ 650.000, тугал 80.000 төгрөг бөгөөд аянга буусны улмаас малчдад нийт 11100000 төгрөгийн хохирол учирсан болохыг Галуут сумаас гарсан ажлын хэсэг тогтоогоод байна.
Хур бороо элбэгтэй байгаа тул малчид, ард иргэдэд болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулъя.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 2914 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.