Шууд Chart

Дакарт 2026 онд залуучуудын зуны олимп болно

2022-12-06 14:17:13

ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Сенегалын нийслэл Дакар хотноо зохиогдох залуучуудын зуны олимпын наадмыг 2026 оны аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13-нд явуулахаар тогтлоо. Тамирчин сурагчдын хичээлийн хөтөлбөр, цаг агаарын нөхцөл байдал болон олон улсын бусад уралдаан тэмцээний хуваарийг харгалзан үзсэний үндсэнд ийнхүү тогтоосон байна.

2026 оны арваннэгдүгээр сарын 1-нд Дакар хотноо болох Африкийн залуучуудын өдрийн арга хэмжээтэй олимпын наадмыг давхцуулснаар илүү өргөн хүрээг хамрах боломж бүрдэнэ гэж зохион байгуулагчид тооцоолжээ.

Наадмын хөтөлбөрт спортын ямар төрлүүд орохыг ирэх оны эхний хагаст эцэслэн батлахаар болсон байна.

Залуучуудын зуны IV олимп уг нь энэ оны аравдугаар сард зохиогдох байсан. Гэвч коронавирусийн цар тахлын улмаас дөрвөн жилээр хойшлуулж, 2026 онд зохион байгуулахаар шийдсэн юм.

Өмнөх гурван наадам 2010 онд Сингапурт, 2014 онд Нанжинд, 2018 онд Буэнос Айрест явагдсан бөгөөд манай тамирчид залуучуудын зуны олимпоос гурван алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дакарт 2026 онд залуучуудын зуны олимп болно  
Үзсэн: 412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй