Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагын уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдэд зонхилон тохиолдох халдварт бус өвчний үеийн уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээ, түүнчлэн уламжлалт анагаах ухааны салбарын бодлого, эрхзүйн орчин, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудлын талаар цогц мэдлэг олгох, эмнэл зүйн ур чадварыг сайжруулах зорилгоор “Орон нутгийн уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах эмнэл зүйн сургалт”-ыг өнөөдөр зохион байгуулж байна.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа болон 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагын Уламжлалт анагаах ухааны 250 эмч, мэргэжилтнүүд, удирдах түвшний менежерүүд оролцож байна.
Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг өнөөгийн байдлаар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт ухааны төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд зэрэг улсын байгууллагууд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад амбулаторийн кабинет, тасаг нэгжийн түвшинд үзүүлж байна.
2021 оны байдлаар эрүүл мэндийн салбарт нийт 58.7 мянган ажиллагсад байгаагаас 1142 нь Уламжлалт анагаах ухааны эмч байна. Үүнээс 512 нь 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагад, 630 нь Улаанбаатар хотод ажиллаж байна.
“Орон нутгийн уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах эмнэл зүйн сургалт” болж байна | ||
Үзсэн: 441 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.