Шууд Chart

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

2022-12-16 09:24:53

УИХ-ын чуулганы 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг гишүүн Б.Энхбаяр нар тус тус танилцууллаа. Хууль санаачлагчийн илтгэлд, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль нь 1996 онд батлагдсанаас хойш нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг дагаж, өмчийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд томоохон өөрчлөлтүүд гарсныг онцолсон юм. Түүнчлэн өнөөдрийн хүртэлх хугацаанд тус хуульд нийт 33 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан нь хуулийн зохицуулалтын нэгдмэл цогц байдлыг алдагдуулахад хүргээд байгааг гишүүн Ж.Сүхбаатар илтгэлдээ тэмдэглэв.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд, төрийн болон орон нутгийн өмчийн ангиллыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлж, төрийн нийтийн, тусгайлсан өмч, мөн орон нутгийн өмч гэсэн ангиллаар ялган тодорхойлсон гэж тэрбээр танилцууллаа. Өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын эрхийн хэмжээг шинэчлэн тодорхойлж, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, харилцан уялдааг хангахад анхаарсан байна. Мөн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг хөрөнгийн эрхийн нийтлэг ба онцлог байдлаар нь шинээр ангилж, төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тодруулан, өмчийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах төрийн хяналтыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Түүнчлэн өмчийн хяналт, шалгалт, сахилга, хариуцлагын үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэх хяналтын журмыг нарийвчлан тодорхойлж, төрийн болон орон нутгийн өмч, түүний хөдөлгөөн, тооллого, тайлан болон хяналт шалгалттай холбоотой мэдээллийг төвлөрүүлсэн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж ажиллахаар хуулийн төсөлд тусгасан гэж УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар дурдсан юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулав. Тус хуралдаанд тэрбээр, эдгээр төслийг Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөлтэй нэгтгэн нэг Ажлын хэсэг байгуулж ажиллуулах санал гаргасан байна.

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал, Т.Энхтүвшин, Х.Булгантуяа, Д.Батлут нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүд төрийн өмчит компанийн засаглалын өнөөгийн байдал болон нөхцөл байдлыг сайжруулах ямар шинэ зохицуулалт оруулж байгаа талаар голчлон асуулт тавив. Ялангуяа Эрдэнэс Монгол компанийн статусын тодорхой бус байдлыг шүүмжилж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон тус компанийн эрх, үүргийн давхардлыг арилгах талаар ажиллахыг зөвлөж байлаа. Мөн 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу “төрийн нийтийн өмч”-ийн харилцааг энэ хуульд нарийвчлан тусгах шаардлагатай гэсэн санал дэвшүүлсэн юм.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, төрийн өмчит компаниуд дээр засаглалын зарчим алдагдсан байгааг хүлээн зөвшөөрч, үр өгөөжтэй ажиллах, ашиг бий болгох зэрэг үндсэн зарчмууд хуулийн төсөлд туссаныг танилцуулав. Компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлүүдэд төрийн төлөөллийг яам, төрийн өмчийн асуудал эрхэлсэн агентлаг хэрэгжүүлдэг. Энэ тогтолцоог өөрчилж, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэгч нь ингэж олон хуваагдсан байдалтай байж болохгүй, аль нэг нь дангаараа хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн томъёоллоор төсөлд тусгасан гэж Б.Цэнгэл дарга дурдлаа. Ингэж дагнасан, мэргэжлийн, нэгдмэл байдлаар төрийн өмчит компанийг удирдах ёстой гэсэн зөвлөмжийг олон улсын зөвлөх байгууллагууд ч өгсөн байна. Түүнчлэн, хуулийн төсөлд төрийн нийтийн болон төрийн өөрийн өмчийн бүртгэлийг нэгдсэн байдлаар хийхээр тусгасан бөгөөд өмчийн байцаагч гэсэн шинэ орон тоог бий болгохоор төсөлд тусгасныг  Ажлын хэсгийн гишүүд танилцууллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар, хуулийн төсөлд төрийн өмчийн харилцааны суурь асуудлуудыг нарийвчлан тусгаж, төрийн нийтийн өмч, төрийн өөрийн өмчийн ялгааг сайн гаргаж хуульчлах шаардлагатайг Ажлын хэсэгт анхааруулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Маргаашийн нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулна.


Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ  
Үзсэн: 299 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй