ЗХУ, БНМАУ-ын хамтын хүчээр сүндэрлэн босгосон Дархан-Уул аймгийн музейг “Найрамдлын музей” нэртэйгээр анх байгуулж байсан түүхтэй. Тодруулбал, 1968 оны хавраас эхлэлтэй бөгөөд анхны эрхлэгч томилогдож, музейн сан хөмрөг цуглуулах, тохижилт, дэглэлтийг хийж улмаар 1968 оны арванхоёрдугаар сард тогтоол гарч “Найрамдлын музей” албан ёсоор нээлтээ хийжээ.
Ийнхүү Архангай аймгийн Хашаат сумын харьяат, сийлбэрч Л.Чуваамэдийн “Давшилтад” модон сийлбэр нь 700101 бүртгэлтэйгээр Найрамдлын хотын музейн анхны үзмэрээр бүртгэгджээ.
Тэрээр тулалдаанд давшин орж буй Монгол, Орос хоёр морьт цэргийг харуулсан сийлбэр нь 45*46 хэмжээтэй бөгөөд 1968 онд бүтээгдсэн аж. Сийлбэрт Монгол цэргийг сэлмээ далайснаар, орос цэрэг зэвсгээ авахаар зэхэж буйгаар зохиомжилсон ба тэдний хурдлан давхих морьдын туурайгаар тоос шороо хуйлран боссоныг Монгол зургийн аргаар угалзруулан сийлжээ.
Цэргүүдийн өмссөн хувцас, нүүр царай, бие бялдар болон морьдын хөдөлгөөн зэргийг тун ч нарийн сийлж урласныг дэрвэн хийсэх хормойны хуниас, нугалаа, хүмүүсийн нүүр царайны хувиралт, дүрэмт хувцасны онцлог, морьдын дэл, сүүл, булчин, тоноглол хэрэгслүүд илтгэдэг аж. Суурь тавиурын урд гамин цэргийн малгай, сэлэм хоёрыг газар унаснаар дүрслэн урласан нь харийн дайснаас эх орноо чөлөөсний бэлгэдэл гэж үздэг.
Уран сийлбэрч Л.Чуваамэд нь тухайн бүтээлдээ зориулж шүлэг хүртэл бичсэн аж.
“Давшилтад” шүлэг
Энэ зууны эхэнд
Эргэх цагийн хүрдэнд
Ар Хиагтын нутагт
Аргамаг хөлгийн нуруун дээр
Атаатан дайсны дарж авсан
Адуун хүлгийн минь хийморь сүлд
Ахан дүүсийн дайчин түүхийг дүрслэв
Монгол Улсын Ардын зураач Лэгшидийн Чуваамэд нь эх орон, ард түмнийхээ түүх соёл, хөгжил цэцэглэлт, өвөрмөц ахуй амьдралаас бахдан харуулсан бүтэн болон хагас сийлбэр олныг бүтээж үндэсний урлагийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан билээ. Түүний бүтээлүүдийн дүр, дүрслэлийн салшгүй нэгэн хэсэг нь уламжлалт хээ, угалз юм.
Тодруулбал, 1974-1975 онд Гэрлэх ёслолын ордны дотоод засал, тэр дундаа ёслолын хаалга, ширээ, сандлын бүхий л уран сийлбэрийн бүтээлүүдийг урласан юм. Мөн 1998 онд Монголын хүүхдийн ордны дотоод засал чимэглэл, 2010 онд сүм, дугануудын олон бурхныг сэргээн засварлах, шинээр бүтээх ажлуудын баг хамт олноо удирдан хийж гүйцэтгэжээ.
Түүнчлэн Л.Чуваамэд нь Дундад Азийн уран барилгын чимэглэлийн гол арга болсон “Ганчи” хэмээх урлагт суралцан, Монголдоо амжилттай нэвтрүүлснийг Төрийн ордны ёслолын танхимуудаас харах боломжтой ажээ. Нарийн чимхлүүр ажиллагаа шаарддаг сийлбэрийн урлагийг гарамгай эзэмшсэн түүний урын санд сэтгэлийн дуудлагаар болон захиалгаар урласан 1000 шахам бүтээл байдаг нь бүртгэгджээ.
“Давшилтад” сийлбэр нь “Найрамдлын музей”-н анхны үзмэрээр бүртгэгджээ | ||
Үзсэн: 710 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.