Шууд Chart

Г.Занданшатар: Авлига нь төрд итгэх итгэлийг алдагдуулж, ардчиллыг доройтуулж байна

2022-12-16 21:59:15

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Авлигын гэмт хэргийн хор уршгийг нийт нийгэм даяараа төлдөг. Авлига нь төрд итгэх итгэлийг алдагдуулж, ардчиллыг доройтуулж байна. Өнөөдрийн баталсан энэ хууль авлигатай тэмцэхэд томоохон алхам болно гэдэгт итгэж байгаагаа онцлон тэмдэглэв.

Мөн энэ хуулиар, халдашгүй байдлыг нь баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон үеэс сэргээн тоолох зохицуулалтыг тусгалаа. Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд аливаа хэлбэрээр өршөөл үзүүлэхгүй байхаар болсныг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ  дурдахын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга болон үүн дээр нэмээд хамгийн их хардлага дагуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах болон эрх бүхий албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй болсон. Түүнчлэн эдгээр албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар болсныг тодотгож байлаа.

УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, Сүүлийн жилүүдэд иргэд, олон нийтийн шүүмжлэлийг ихээхэн дагуулсан асуудал нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан этгээдүүд асар их хохирол учруулчихаад 40 сая төгрөг төлөөд өнгөрч байна гэх явдал байсан. Хуулийн ийм зөрчлийг шийдвэрлэснийг тодотгоод,  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт торгох ялыг оногдуулахгүй байхаар зохицууллаа. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийн нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг зохицуулалттай болсныг онцлон тэмдэглэлээ.


Г.Занданшатар: Авлига нь төрд итгэх итгэлийг алдагдуулж, ардчиллыг доройтуулж байна  
Үзсэн: 325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй