Шууд Chart

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2022-12-21 09:10:08

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хорооноос боловсруулсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав.

Шүүх шинжилгээний байгууллага нь лабораторийн тоног төхөөрөмж, шинжилгээний урвалж бодис худалдан авахдаа хуульд заасны дагуу тендер зарладаг бөгөөд тухайн оруулж бодисын хэмжээ, тээвэрлэлтийн онцлог, үйлдвэрлэлийн явц зэргээс шалтгаалан тендер шалгаруулалтад хуулийн этгээдүүд оролцдоггүй байна. Үүнээс үүдэн шинжилгээний явц удааширч, бү тасрах зэрэг сөрөг үр дагавар гардаг байна. Ажлын хэсгээс хуулийн төслийн 55 дугаар зүйлд “55.1.3. Шинжилгээний байгууллага шүүх шинжилгээний үйл ажиллагааг шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах хүрээнд шинжилгээний байгууллагыг шинжилгээний лабораторийн техник, тоног төхөөрөмж, программ хангамж, урвалж бодисоор шуурхай хангах, урвалж, бодисын нөөцийг бүрдүүлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу шууд худалдан авах ажлыг зохион байгуулах” зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд гишүүдийн олонх дэмжсэн юм.  Иймд хууль хоорондын зөрчил үүсэхгүй байх зорилгоор Төрийн болон Төрийн орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд шүүх шинжилгээний байгууллагын шинжилгээний лабораторийн техник, тоног төхөөрөмж, программ хангамж, мэдээллийг нууцлагч, техник хэрэгсэл, урвалж бодис худалдан авахдаа шууд гэрээ байгуулах тусгай заалтыг тусгасан байна.

Түүнчлэн хуулийн төслийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэж болох шинжилгээний жагсаалтыг шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох, санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөл цаашид Зөвлөл ажиллахаар, Зөвлөлийн саналыг үндэслэн шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр 5 жилийн хугацаагаар олгоно гэсэн зохицуулалт дэмжигдсэн. Үүнтэй холбоотойгоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах шаардлага үүссэн байна. Монгол Улсын Их Хурлаас 2022 оны зургадугаар сарын 17-ны өдөр баталсан Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсад зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны жагсаалт, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг энэ хуулиар зохицуулна” гэж заасан учраас Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн “Хууль зүйн болон нийтлэг бусад асуудлаар доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно” гэсэн 10 дахь хэсэгт шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шүүх, шүүх шинжилгээний байгууллага олгох зохицуулалтыг тусгаж, хуулийн төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан гаргав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эл горимын саналыг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Дараа нь Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу зүйл бүрээр хэлэлцэв. Төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь  нь дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 295 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй