Шууд Chart

ЭЗБХ: Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2022-12-21 09:38:58

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлыг УИХ-ын даргын 38 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хариуцан ажиллаж байгааг дурдаад уг Ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сарын 12-20-ны өдрүүдэд хуралдсан гэв.

Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн үйлчлэлийг хүрээ болон баримтлах, хэрэгжүүлэх зарчмын хүрээнээс хальсан асуудлыг төслөөс хасах, УИХ-д өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуудал нь шийдвэрлэж, хэлэлцүүлэгт бэлтгэгдэж байгаа хуулийн төслүүд, холбогдох зөвшөөрлийн харилцаа, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалтаар хэрэгжүүлэх,  дээрх саналтай холбогдуулан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Геодези газар зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кадасрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагч нь буцаах, төслийн нэр томьёог Зөвшөөрлийн тухай болон холбогдох хуульд нийцүүлэх санал, дүгнэлтийг гаргаснаа дурдлаа.

Ажлын хэсгээс хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд бэлтгэснийг онцлохын зэрэгцээ уг Ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Г.Ганболд, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр нар ажилласан гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулав.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулахаар тогтов.


ЭЗБХ: Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй