Шууд Chart

УИХ: Тогтоолын төслийг буцаалаа

2022-12-23 09:39:09

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн ““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аубакир танилцуулав.

Тэрбээр, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор ““Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай" Монгол УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Аубакираар ахлуулж, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Г.Дамдинням, Н.Наранбаатар, Д.Өнөрболор, Г.Тэмүүлэн, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсныг дурдаад Ажлын хэсгээс Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.23 дахь хэсэгт заасны дагуу ““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Монгол УИХ-ын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Баттөмөр нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Т.Энхтүвшин, Б.Баттөмөр нар төслийг дэмжсэн, дэмжээгүй талаараа байр сууриа илэрхийлж, санал хэлэв.

Ингээд Ажлын хэсгээс бэлтгэсэн ““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Монгол УИХ-ын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаах зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн юм.


УИХ: Тогтоолын төслийг буцаалаа  
Үзсэн: 318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй