
УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа. Төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах зорилгын хүрээнд олон талт мэдээллээр тэгш хангах, ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны арван хоёрдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.
Тогтоолын төсөлд улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар тусгасан бөгөөд зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд шаардлагатай төсөв, хөрөнгийг шийдвэрлэж, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгах, Зөвлөлдөх зөвлөл байгуулах, зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулж, ажлын төлөвлөгөө баталж, зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол УИХ-ын Тамгын газарт үүрэг болгохоор тусгасан байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь УИХ-ын тогтоолын дээрх төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаас хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг зөвлөлдөх санал асуулга явуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд зохион байгуулалтын асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллах нь чухал гэдэг байр суурийг илэрхийлсэн. Ш.Адьшаа гишүүн тогтолцооны гажуудлыг засах асуудлыг нийтээрээ хэлэлцэн, ард түмний хүсэн хүлээж байгаа төрийн тогтолцооны болон бусад асуудлыг шийдэх саналтай байгаа гэлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “Зөвлөлдөх санал асуулгыг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатай олж илрүүлэх; тухайн асуудлын эрэмбэ, түүнийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх; иргэд, олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэл өгөх; Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах зорилгоор зохион байгуулна гэж Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасан байдаг. Энэ дагуу нийтээрээ тулгамдаад буй асуудлаа хамтдаа тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэйгээ зөвлөлдөх нь зүйтэй хэмээн үзсэн” гэдэг тайлбарыг өгсөн. С.Чинзориг гишүүн, зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд зохион байгуулалтын талаар тодруулж, төлөөллийг хангах, санал авах сэдвүүдээ тодорхойлох дээр онцгой анхаарал хандуулан ажиллах нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийлсэн.
Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах тухай бүрд уг санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх бүрэлдэхүүн бүхий 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулдаг. Тус зөвлөл санал асуулга явуулах сэдвүүдээ боловсруулдаг. Үүний дараа Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11 дүгээр зүйл дэх Зөвлөлдөх санал асуулгаар санал авах журмын хүрээнд санал асуулгыг зохион байгуулна. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Зөвлөлдөх санал асуулгаар санал авах ажлыг статистикийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заасан байдаг. Монгол Улс 2017 онд анхдугаар Зөвлөлдөх санал асуулгыг явуулж байсан талаар Ж.Мөнхбат гишүүн санууллаа. УИХ-ын гишүүн Т.Доржханд Зөвлөлдөх санал асуулгынхаа хүрээнд тогтолцооныхоо өөрчлөлтийг хэлэлцэх нь зүйтэй гээд хугацааг өөрчлөх боломжтой эсэхийг тодрууллаа. Төрийн байгуулалтын байнгын хороо холбогдох хуулийн дагуу Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах ажлын арван хоёрдугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлэх бөгөөд хуульд заасан арга хэмжээнүүдийг хуулийн хугацаагаар нь хамгийн шуурхай зохион байгуулна хэмээн төлөвлөж 2023 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийг товлосон гэх тайлбарыг УИХ-ын гишүүн Н.Энхболд өгсөн.
Ийнхүү гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 33 нь 62.3 хувийн саналаар дэмжин баталлаа. Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар тогтоолын эцсийн найруулгыг танилцуулсны дараа “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан үг хэллээ.
Тэрбээр "...Улс орны нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан, хуримтлагдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх арга зам, эрэмбэ дараалал, гарах шийдвэрийн талаар ард иргэдтэйгээ зөвлөлдөх ёстой. Ингэхдээ, Монгол Улсын 3.4 сая ард иргэдийг төлөөлөх, 300 мянган малчдыг төлөөлөх, багш, эмч зэрэг мэргэжил, сонирхлын бүлгийг төлөөлөх чадвар, оролцоог хангах хэрэгтэй. Ингээд тэднийгээ тэнцвэртэй мэдээллээр хангаж, мэдлэг мэдээлэлтэй болгож байж зөвлөлдөх санал асуулга явуулан, хүндрэл бэрхшээлтэй асуудлаа тодорхойлохоор бид дөнгөж сая шийдвэр гаргалаа.
Авлигын улмаас төрд итгэх иргэдийн итгэл, төр, ард түмний хэлхээ суларч байна. Төрд итгэх, ард иргэдийн итгэл сулрахад гадаад, дотоод олон хүчин зүйл нөлөөлж байна. Өнөө маргаашаа аргалсан хэсэг бусаг шийдвэр гаргаж, өдөр хоногийг аргацааж өнгөрөөж сууж болохгүй болчихсон ийм цаг үе. Нийгэмд даяар ард иргэд бухимдаж, тэсэрч, тэр дотроо худал, үнэн нь мэдэгдэхгүй попролт, бодит байдлын үнэн мөнийг олохыг тэд хүсэж байна. Хулгайчдыг олж шийтгэхийг шаардаж байна. Иймээс ард түмний засаглах эрхийг хангах тухай Үндсэн хуулийн 3.1-д заасны дагуу тэдэнтэйгээ хамтарч, иргэдийн төлөөлөлтэй уулзаж хэлэлцэнэ..." гэв. (бүрэн эхийг эндээс) Ийнхүү УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
УИХ: “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа | ||
Үзсэн: 304 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.