Шууд Chart

ТБХ: Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2022-12-27 18:52:24

УИХ-ын Төсвийн байнгын хороо 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эрх зүйн дүн шинжилгээ хийлгэн, дүгнэлт гаргуулах асуудлыг хэлэлцэв. Энэ талаар Байнгын хорооны дарга танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал нар асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон УИХ-ын 11 гишүүний 7 нь дээрх төсөлд эрх зүйн дүн шинжилгээ хийлгэн, дүгнэлт гаргуулахыг дэмжсэн юм.

Дараа нь Засгийн газраас 2022 оны арван хоёрдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг анх 2000 онд хуулиар зохицуулж эхэлсэн бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийг 2005 онд баталсан ба тус хуульд 32 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Төсөлд тендер шалгаруулалт дахь хүний оролцоог бууруулах, нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, тендер шалгаруулалтыг түргэн шуурхай зохион байгуулах, хариуцлагын тогтолцоог шинэчлэх үндсэн агуулгыг тусгажээ.

Төсөл дэх зохицуулалтаар технологийн дэвшилд тулгуурлан тендер шалгаруулалт дахь хүний оролцоог бууруулна хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Засгийн газраас худалдан авах ажиллагааг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг 2011 оноос эхлэн тасралтгүй хийж байгаа боловч тендер шалгаруулалтыг цахим технологид тулгуурлан бүрэн шилжүүлэх шаардлага байсаар байна. Одоогийн байдлаар тендерт оролцогчдын бүрдүүлдэг материалаас зөвхөн 18 хувийг цахим хэлбэрээр төрийн болон хувийн хэвшлийн мэдээллийн сангаас татан авч тендерийн үнэлгээнд харгалзан үзэж байгаа бол үүнийг 70 хувьд хүргэх агуулгаар хуулийн төсөлд тусгалаа. Ингэснээрээ худалдан авах ажиллагаа дахь хүний оролцоог 60 хүртэл хувиар бууруулна гэж үзэж байна.

Худалдан авах ажиллагааг төлөвлөх шатнаас эхлэн гэрээ байгуулах, гэрээний гүйцэтгэлийг хянах хүртэлх үе шатыг цахим системээр зохион байгуулах талаар төсөлд тусгажээ. 2022 оны арван нэгдүгээр сарын байдлаар нийт 2,778 захиалагч байгууллагаас 15,792 тендер шалгаруулалтыг цахимаар зохион байгуулж байна. Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д нийт 16,780 хуулийн этгээд бүртгүүлэн тогтмол тендер шалгаруулалтад оролцож байгааг Сангийн сайд танилцуулгадаа дурдав. Улсын хэмжээнд бүх шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах бөгөөд захиалагч байгууллагын өдөр тутмын хэрэгцээт бараа, үйлчилгээг цахим дэлгүүрээс худалдаж авах, оролцоход хялбар, богино хугацаанд тендер шалгаруулалт зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байгаа аж. Энэ хүрээнд бүртгэлийн тогтолцоог захиалагч, аж ахуйн нэгж, бараа, үйлчилгээ зэргээр төрөлжүүлж, бүрдүүлэх юм байна.

Худалдан авах ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Тендер шалгаруулалтын бүх үе шатыг ил тод болгож, тендерт оролцогчид шалгарсан оролцогчийн ирүүлсэн материал болон тендерийн үнэлгээний үе шаттай танилцах боломжийг олгох юм байна. Мөн иргэд, олон нийт болон эцсийн хэрэглэгч аливаа худалдан авах ажиллагааны гэрээний хэрэгжилтийн талаар санал хүсэлт гаргах, санал хүсэлтийн дагуу гэрээний үүргийг хянах эрх зүйн орчныг бий болгох аж. Нөгөөтээгүүр гэрээний мэдээллийн санг ил тод болгож аль компани, ямар ажлыг хийж байгаа, тухайн гэрээний гүйцэтгэл, санхүүжилтийг олон нийтэд нээлттэй мэдээлэх зохицуулалтыг шинээр тусгажээ.

Худалдан авах ажиллагаанд оролцогч болон шийдвэр гаргах этгээдийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр холбогдох өөрчлөлтийг тусгасан гэдгийг Б.Жавхлан сайд танилцуулав. Сонирхлын зөрчлөөс сэргийлэх зорилгоор захиалагч тендерийн баримт бичиг боловсруулах болон тендерийг үнэлэх ажлын хэсгийг тус тусад нь байгуулах, хууль бус шийдвэр гаргасан захиалагч, үнэлгээний хороонд зайлшгүй хариуцлага хүлээлгэх, хариуцлагатай, чадвартай компанийг дэмжихийн тулд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, хуурамч материал бүрдүүлэн тендер шалгаруулалтад оролцдог хариуцлагагүй аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн мэдээллээр бүртгэж, олон нийтэд ил тод мэдээллэх юм байна. Тендерийн баримт бичигт тавигдах шалгуур үзүүлэлтийг тодорхой болгож, ингэснээр өрсөлдөөнийг хязгаарлаж бусдад давуу байдал олгох боломжийг багасгах, ач холбогдолгүй баримт материал ирүүлэхийг тендерт оролцогчоос шаардахыг хязгаарлах зохицуулалтыг бий болгохоор хуулийн төсөлд тусгажээ.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан эх оронч худалдан авалтыг дэмжих зорилтыг хэрэгжүүлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчдийг дэмжиж одоогийн хуулийн сайн зохицуулалтуудыг бүрэн хадгалж давуу эрхийн зөрүү тооцох аргачлалыг боловсронгуй болголоо. Мөн дотоодын барааг импортын бараатай өрсөлдүүлэхгүй ба зөвхөн Монгол бараа үйлдвэрлэгч хоорондоо өрсөлдөнө. Засгийн газар чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг баталж, чанартай, стандартад нийцсэн дотоодын барааг цахим дэлгүүрт байршуулж, төрийн байгууллагад тогтмол нийлүүлэх боломжийг хуулиар бий болгох юм байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авлаа. Тендер шалгаруулалттай холбоотой гомдол, маргааны зохицуулалт болон шууд гэрээ байгуулахтай холбоотой зохицуулалтын талаар УИХ-ын гишүүн Т.Амартүвшин тодруулж хариулт авав. Мөн тендерийн баталгааны нөхцөл өөрчлөгдсөн эсэхэд ажлын хэсгээс хариулт өглөө. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагддаг 5-6 төрлийн гэрээ жилд дунджаар 20-22 мянган тендер зарлагдаж, гэрээ байгуулагддаг байна. Үүний 5-10 хувь нь маргаан дагуулдаг байсан бол ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлний үр дүнд одоо 3 хувь болж буурчээ. Тендертэй холбоотой аливаа маргаан, гомдлыг Сангийн яам болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэж, эл шийдвэрийг хоёр тал хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхэд гомдол гаргах зохицуулалт хэвээрээ гэдэг хариултыг Б.Жавхлан сайд хариуллаа. Шууд гэрээ хийх нэмэлт нөхцөл төсөлд байхгүй гэдгийг тэрбээр онцлоод, харин одоо хэрэгжиж буй хуулийн зохицуулалтыг ил тод, эрсдэлүүдийг бууруулахаар болгон сайжруулж төсөлд тусгасан гэлээ. Тендерийн баталгааны 4 хувилбар байдгийг “чанарын баталгаа”-г хэвээр үлдээж, бусад гурван төрлийн баталгааг 2-4 дахин бууруулсан гэв. Тендерийн баталгаа төсөвт өртгийн 0.5 байхаар төсөлд тусгаснаас гадна тендерийн баталгааг банкны, эсхүл Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны баталгаагаар, эсхүл Монгол Улсын даатгагчаас гаргасан баталгаагаар гаргах сонголтуудыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Шинээр, нэг эх үүсвэртэй худалдан авах ажиллагаа буюу төрд хэрэгтэй, зарим онцгой бараа, ажил үйлчилгээг цор ганц этгээд үйлдвэрлэдэг тохиолдолд тухайн этгээдтэй нэг эх үүсвэртэй худалдан авалт хийх гэрээ байгуулах боломжтой зохицуулалтыг төсөлд тусгажээ. Ш.Раднаасэд гишүүн, нээлттэй тендер шалгаруулалтын арга хэрэглэхгүй байх тохиолдлууд буюу төслийн 10.8, 10.10, 36.1 дэх зохицуулалтын талаар, мөн урьдчилан мэдэх боломжгүй гэж тодотгосон 35.1.1 дэх заалтуудын талаар лавлаж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Баделхан, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, хариулт авсан. Байнгын хорооны гишүүд тендер шалгаруулалттай холбоотой маргааныг шуурхай шийдэх, нэг аж ахуйн нэгж тал талд тендерт оролцож, шалгардаг байдлыг хянах, ажил нь хийгдээгүй атлаа санхүүжилтээ бүрэн авчихсан байдаг тохиолдлуудыг шийдэх шаардлагатай гэдэг саналыг илэрхийлэв. Түүнчлэн худалдан авах ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах үйл явц нээлттэй биш, хариуцсан албан тушаалтны хариуцлагагүй байдлаас үүдэн аж ахуйн нэгж, ард иргэд хохирдог гэдгийг хэлж байв. Ийнхүү төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны гишүүдийн 70 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


ТБХ: Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ  
Үзсэн: 307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй