
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулав.
Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Засгийн газраас боловсруулж, өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2022 оны арван хоёрдугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Ажлын хэсэг хуулийн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг болон хуулийн нэр томьёо, найруулгын саналыг төсөлд тусган жигдэлж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуралдаан даргалагч хуулийн төслүүдийн зарим хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах, төслүүдийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулах чиглэл өгсний дагуу ажлын хэсэг 2022 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр хуралдаж, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу төслүүдэд гарах саналыг бэлтгэн томьёолжээ.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуягийн танилцуулсан дээрх ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв.
Ийнхүү Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль, тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг энэ хуулийн 39, 40, 41, 42, 43, 44 дүгээр зүйлд заасны дагуу хэлэлцэн баталж болно” хэмээн заасан байдаг бөгөөд энэ дагуу Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулжээ. Хуралдаанд оролцсон гишүүд төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
ЭЗБХ: Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв | ||
Үзсэн: 270 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.