Шинэ он гарахад нэгхэн хоног үлдэж, хуучин он улиран одох гэж байна. Энэ жилийн хувьд Монголын спортын түүхэнд ямар томоохон 10 үйл явдал болсныг эргэн санъя.
Монгол Улсын отгон аваргаар О.Хангай тодров
- Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхэн ойн наадамд Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх, улсын харцага О.Хангай түрүүлэв. Ингэснээр олон жил түрүү бөхийн таамагт нэрлэгдэж байсан тэрбээр 32 насандаа Монгол Улсын отгон аварга боллоо. Тэгвэл олны хайрыг татдаг, хүндэтгэлийг нь хүлээдэг хүчтэн, улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэж, улсын арслан цол хүртсэн билээ. Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгийн шавь тэрбээр 24 насандаа улсын арслан боллоо. Есийн даваанд О.Хангай П.Бүрэнтөгсийг, Б.Орхонбаяр даян аварга Н.Батсуурийг өвдөг шороодуулсан юм.
Гавьяат тамирчин М.Уранцэцэг мэргэжлийн тулааны анхны ялалтаа байгууллаа
- Жүдо бөхийн олимп, дэлхийн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг мэргэжлийн анхны тулаанаа өнгөрсөн есдүгээр сарын 11-нд хийж, хоёрдугаар үедээ дуусгасан юм. Түүний холимог тулааны замналын эхний өрсөлдөгч нь 25 настай Амбер Террель гэдэг Америк бүсгүй байв. Техас мужаас гаралтай Амбер Террельгийн хувьд нийт долоон тулаан хийснээс дөрөв ялж, гурав ялагджээ. Тэрбээр хамгийн сүүлд өнгөрсөн долдугаар сарын 17-нд Хоп Холместэй тулалдаж, ялсан байдаг. “PFC-23” өдөрлөгийн хүрээнд нийт есөн тулаан болсон бөгөөд М.Уранцэцэг үндсэн хөтөлбөрт багтсан юм. Энэ тулаан нь сонирхогчийн түвшнийх учир М.Уранцэцэг ялснаар мэргэжлийн тулаан хийх эрхтэй болсон билээ.
Үндэсний спортын VII их наадам болов
- Үндэсний спортын VII их наадам өнгөрсөн наймдугаар сарын 10-нд Хүйн долоон худагт эхэлсэн. Эл наадам дөрвөн жилд нэг удаа болдгоороо онцлогтой бөгөөд энэ жил 13 төрлөөр зохиогдсон юм. Үндсэн найман төрлийн спортоос гадна шинээр үзүүлэх тоглолтод морьт сурын харваа, морин дээрх барилдаан, морин өртөө уралдаан, жороо морины уралдаан нэмэгдсэн юм. Тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 1700 орчим тамирчин оролцсон бөгөөд нээлтийн үеэр спортын бамбарыг улсын аварга О.Хангай, даян мэргэн Б.Пунсалдулам нар бадраав.
Олимпын оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” боллоо
- Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2022” олон улсын тэмцээн зургаадугаар сарын 24-нд нийслэлийн “Степпа Арена” /Мөсөн өргөө/-д болов. Монголын жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбооноос хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээн олимпын эрхийн оноо олгодгоороо онцлогтой. Тус тэмцээнд 30 орны 279 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөв. “Степпа Арена”-д зохион байгуулагдсан тус тэмцээн гурван өдөр үргэлжилсэн бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд алт, мөнгө, хүрэл, медалийн эздийг тодруулсан юм.
Чөлөөт бөхийн Ази тивийн АШТ 21 жилийн дараа Монголд
- Бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 21 жилийн дараа Монгол Улсад боллоо. Тодруулбал, 35 дахь удаагийн тус тэмцээн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-ннөөс 21-ны хооронд “Буянт-Ухаа” спортын ордонд болсон бөгөөд 22 орны сонгомол, чөлөөт бөхийн 250 гаруй тамирчин оролцов. Энэхүү тэмцээнд олимпын мөнгө, дэлхийн аварга Киргизстаны Айсулуу Тыныбекова, олимпын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Энэтхэгийн тамирчин Рави Кумар, олимпын мөнгөн медальт Японы бөх Рэй Хигүчи, дэлхийн аварга Рэмина Йошимото, Акари Фүжинами, Цүгүми Сакүраи, олимпын хүрэл, дэлхийн аваргын мөнгөн медальт Узбекистаны Ихтиор Наврузов, олимп, дэлхийн мөнгө, хүрэл медальт Энэтхэгийн Бажранг Пуния, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Киргизстаны Мээрим Жуманазарова нарын зэрэг шилдгүүд ирсэн байлаа.
Сагсан бөмбөгчид гойд сайн байлаа
- Сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх тэмцээний D хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо болов. “Хөх чононууд” гэгддэг Монголын шигшээ баг эх орондоо Тайланд, Вьетнам, Малайз, Таити зэрэг улсын багтай өрсөлдөж, хэсгийн хоёрдугаар байраар дараагийн шатанд шалгарсан. Ирэх хоёрдугаар сард болох тус тэмцээнд Монголын шигшээ Тайланд, Гуам, Сингапур, Хонк Конг, Малайз гэх улстай нэг хэсэгт орсон. Дээрх тэмцээнд Т.Санчир 21 оноо дунджилсан бол Б.Билгүүн 16.8 оноо дунджилж шигшээ багаа тэргүүлжээ. Харин О.Сэргэлэн эхний тоглолтын төгсгөлд багтаа хожил авчирсан чухал бөмбөгийг таслах үеэрээ хуруугаа гэмтээн цааш тоглох боломжгүй болсон юм. Талбай дээрх үр ашигтай байдлаараа тэд гурвуулаа багаа тэргүүлжээ. Мөн М.Өлзий-Орших, Б.Болдбаатар, А.Ананд, О.Энхбаатар, А.Энхбаясгалан гэх 1995 оноос хойш төрсөн таван тамирчин ард түмнээ баярлуулсан тоглолт толилуулж, шигшээ багт дуудагдсан хэргээ гаргав. Тэд ээлжлэн тоглолт бүрт гайхалтай байсан.
Монголын баг 6:5-аар хожиж, дурсгалын медаль зүүв
- Буянт-Ухаа дахь "Степпа Арена" мөсөн өргөөнд өнгөрсөн долоодугаар сарын 5-нд анхны олон улсын нөхөрсөг уулзалт "Friendship Cup Mongolia-2022” тэмцээн болов. Тэмцээнд гадаадын тамирчдаас бүрдсэн холимог баг, Монголын мастерс ангилалын багтай ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Тэмцээний нээлтэд дэлхийд хоккейн спортын хөгжилөөрөө алдартай Канад Улсаас Монгол Улсаас суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, хатагтай Кэтрин Ивкоф, "Степпа арена" ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан нар оролцон тоглолтын шайбыг хоёр багийн дунд хаяж, тоглолт эхэлсэн юм. Мөн гадаадын дипломат албаны төлөөлөгчид энэхүү тэмцээнийг үзэв. Ийнхүү “Степпе Арена-Талын” дэвжээнд болсон анхны олон улсын хоккейн нөхөрсөг уулзалт тэмцээнд хоёр баг үндсэн цагт 4:4-өөр тэнцэн, буллит цохилтоор Монголын баг 6:5-аар хожиж, дурсгалын медаль зүүсэн юм.
4500 гаруй тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөв
- Монголын бүх ард түмний спортын XV наадмын нээлт өнгөрсөн есдүгээр сарын 9-нд Спортын төв ордны “А” зааланд болж, албан ёсоор эхэлсэн юм. Энэ удаагийн наадам спортын 26 төрөл (олимпын 18, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаа)-өөр болов. Монголын бүх ард түмний спортын наадам дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн наадамд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4500 гаруй тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөв. Дашрамд дуулгахад, Монголын бүх ард түмний спортын наадам иргэдийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, хүмүүнлэг, эрүүл чийрэг, бүтээлч иргэнийг төлөвшүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, олимпын шигшээ багуудыг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.
Дархан аварга Х.Баянмөнх зодог тайлах ёслолоо үйлдэв
- Цар тахал, иргэдийн бухимдалтай нүүр тулж, нэг жил хойшилсон Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн наадам энэ онд тохиов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анх удаагаа баяр наадмыг нээж хэлсэн үгэндээ “Далай их хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлж, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх үүднээс Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр, айл өрх, албан байгууллага бүр эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байх тухай түүхэн зарлигийг Төрийн тэргүүн буулгаж байна” гэсэн юм. Энэ наадамд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга О.Баянмөнх зодог тайлж буйгаа зарлаж, сүүлийн удаагаа зүлэг ногоон дэвжээнээ, наадамчин олныхоо өмнө дэвэн дэвсээр гарч ирсэн юм. Долоон аварга цолтонгоор манлайлуулсан хүчит 1024 бөхийн барилдаанаас нэг аварга, нэг арслан, гурван заан, дөрвөн харцага, 14 начин цолтон төрсөн билээ.
Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар дэлхийн аварга болов
- Жүдо бөхийн ДАШТ аравдугаар сарын 6-13-ны өдрүүдэд Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болж, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаатар дэлхийн аварга боллоо. Тэрбээр “С” хэсгээ тэргүүлэн хагас шигшээд шалгарч, Италийн Мануэль Ломбардо, Японы Соичи Хашимото зэрэг дэлхийн шилдгүүдийг ялсан юм. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 18 жүдоч өрсөлдсөнөөс нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай багийн дүнгээр тавдугаар байр эзэлсэн юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн -60 кг-ийн жинд Э.Ариунболд мөнгө, эмэгтэйчүүдийн -57 кг-д зодоглосон Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэн билээ. Сонирхуулахад, Ц.Цогтбаатараас өмнө Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Д.Сумъяа нар алтан медаль хүртэж байв.
Спортын оны онцлох 10 үйл явдал | ||
Үзсэн: 512 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.