Шинэ жилийн баярыг дэлхий даяар бүх хүн шашин шүтлэг, хэл соёл, яс үндэс харгалзахгүй тэмдэглэдэг. Энэ баяр нь хүн төрөлхтний хамгийн эртний баяр бөгөөд түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй өнгөрөөдөг байжээ. Харин МЭӨ 713 оноос цаг тооны хуанлид нэг, хоёрдугаар сар нэмэгдэж 600 жилийн дараа шинэ оныг өнөөгийн тооллоор тоолж, тэмдэглэх болжээ. Шинэ жилийн баярын нэг гол хүчин зүйл болох Монголчуудын хэлдгээр өвлийн өвгөн аав буюу Санта Клаусын домог дөрөвдүгээр зуунд Туркийн Лусиа мужид төрсөн Николас Бизанти Анатоли хэмээх хүүгээс үүсэлтэй юм. Тэрбээр шинэ жилийн үдэш тосгоныхоо ядуу хүмүүст бэлэг барьж цонхных нь завсар мөнгө хийж үлдээдэг байжээ. Гэтэл Монголчууд бид өөрийн гэсэн оюунлаг, соёл заншилтай тусгаар улс учир Санта Клаусыг тэр бүр бий болголгүйгээр жинхэнэ Монгол төрхтэй, цагаан сахалтай өвлийн өвгөний төрхийг гаргаж, Монгол ардын үлгэрийн амьтад дагаж явдаг билээ. Одоо дэлхийн улс орнууд өөр өөрийн уламжлал, онцлогийг харуулан шинэ жилийн баярыг тэмдэглэж байна.
Япон
12 сарын 29-өөс эхлэн шинэ жилийн баярыг тэмдэглэдэг бөгөөд хотын бүх ресторан баар, шөнийн клуб хүнээр дүүрч хот тэр чигээрээ салют буудуулж, дуулан бүжиглэнэ. Үндэсний хоол Тошикоши Соба зооглож, Жуяа Но Канэ хэмээх дууг дуулна. Энэхүү хоолыг урт удаан наслахыг бэлгэдэн урт хэлбэртэй хийж идэхийг эрхэмлэдэг байна. Бүх сүм 108 удаа хонхоо цохиж шинэ оноо угтана.
Барселона
Шөнө дунд хонх 12 удаа цохих үеэр хүн болгон 12 усан үзэм иддэг. Энэ нь бүр эрт дээр үеэс уламжлагдан иржээ. Мөн нэгдүгээр сарын 5 хүртэл Cabalgata de los Reyes Magos буюу Гурван хааны парад хэмээх баярын жагсаал болдог байна.
Англи
Кристмасын өмнөх өдөр буюу арванхоёрдугаар сарын 24-нийг Англичууд “Christmas Eve” гэж нэрлэдэг нь манайхаар битүүн юм. Энэ өдөр сүмд очдог. Кристмасын үед эрхэмлэдэг өнгө нь улаан, ногоон юм. Англичууд шинэ жилээр “Fatter New Year” гэгчид захиа бичдэг. Энэ нь улаан чимэглэлтэй ногоон модны зурагтай ил захидал байх аж. Англичууд кристмасын өдөр буюу арванхоёрдугаар сарын 25-ныг “Best time of the year” гэнэ. Тэд энэ баярыг бүр эртнээс, тухайлбал, арваннэгдүгээр сараас эхлэн тэмдэглэдэг бөгөөд Кристмасын үеийг “Season of love” буюу “Хайрын улирал” гэдэг. Кристмасын үеэр ширээндээ шувууны мах, ялангуяа цацагт хяруул, эсвэл галууны бүтэн мах тавьж тансаг ширээ засдаг. Харин битүүлгийн хоолыг “Christmas pudding” гэж нэрлэдэг. Кристмасаар хүүхдүүдэд бэлэг өгдөг. Шинэ жилээр гоё хувцас өмсөж элбэг дэлбэг хооллодог байна.
Бельги
Бельгичүүд он солигдох мөчид зоогийн ширээн дээрээ малтуу мөөгтэй тугалын махан хиам, бодон гахайн мах, “Шинэ жилийн мэнд хүргэе” гэсэн бичигтэй бялуу, оргилуун дарс заавал тавьдаг аж.
Болгар
Шинэ жил болохын өмнө хүн бүр багц мод бэлтгэж, хүүхдүүд шинэ жилийн эхний өдрүүдэд төрөл садан, найз нараа гижигдэж баяр хүргэдэг. Энэ нь шинэ он бол баяр баясгалангаар дүүрэн байг гэсэн бэлгэдэл юм. Мөн арванхоёрдугаар сарын 31-ний шөнө бүх гэрлийг гурван минут унтрааж, хүн бүр өөрийнхөө дуртай хүмүүсээ үнсэж баяр хүргэдэг. Үүнийгээ тэд хамаг нууцыг хадгалж үлдэх шинэ жилийн үнсэлтийн үе гэцгээдэг аж. Түүнчлэн шинэ жилийн баяраа тэмдэглэхээр ширээний ард сууцгааж байхдаа хэн нэгнээ найтаавал тэр хүнийг “Бидэнд аз жаргал авч ирлээ” гэж үздэг бөгөөд тэр найтаасан “азтай” хүнд ирэх оны хавар хамгийн түрүү гарсан төл малаа өгөхөөр амладаг гэнэ.
Герман
Германд шинэ жилийн баярыг “Силвестер” гэж нэрлэдэг. Исусын төрсөн өдөр буюу 12-р сарын 25-нд тохионо. 11-р сарын 26-наас хойшхи ням гарагт шинэ жилийн баяр эхэлж айлуудын болон сүмийн дотор 4 ширхэг лаазтай цэцэг өлгөж эхний нямд 1 дэх лааг, дараа нь хоёрдахийг гэхчлэн 4 ням гарагт ээлжлэн асаадаг заншилтай юм.
Испани
Испаничууд шинэ жилийн ширээндээ хонь, цацагт хяруул, тооройн шарсан мах зэрэг ямбатай хоол шүүс заавал тавьдаг. Хоолоо “Херес” нэртэй дарсаар үе үе даруулдаг.
Итали
Италичууд шинэ жилээр шинэ хувцсаа өмсөн гоёж наргиж цэнгэж өнгөрөөдөг бөгөөд тэд цагийн зүү 24-ийг заахад хуучин муу эвдэрч хэмхэрсэн ширээ сандал зэрэг эд хогшлоо тагт цонхоороо гаргаж хаядаг байна. Энэ нь шинэ онд сайн сайхан байхын бэлгэдэл гэнэ. Тэр шөнө гэрээс гарч явахыг хориглодог. Ялангуяа шөнө дундын үеэр гудамжаар явах бүр ч аюултай гэнэ. Мөн итали эзэгтэйчүүд эрдэнэ шишээр хоол хийж улаан лоолиор хачирлаж өгдөг. Энэ хоолыг хамгийн их идсэн хүн шинэ онд хамгийн баяжина гэж бэлгэддэг. Италичууд гахайн маханд их дуртай. Иймд шинэ жилээр гахайн дөрвөн шийрээр хийсэн “зампоне” гэдэг хоолыг хүндтэйд тооцдог. Мөн гахайн цэвэрлэсэн гэдэс доторт өөх махыг тэнцүүлэн чихэж амт тохируулаад зөөлөн гал дээр хоёр цаг чанаж болгон халуунаар нь иддэг. Мөн тэд цаасан буюу өнгийн дугуй цаас хийсгэж зугаа хөөр болдог байна.
Орос
Славчуудын энэ баяр МЭӨ XY зууныг хүртэл юллианы тооллын дагуу жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдөр тохиодог байсан ажээ. Харин 1348 онд Москва хотноо шинэ оныг гуравдугаар сард биш харин есдүгээр сард тэмдэглэж байх тушаал гарчээ. XYIII зуунд Европын бараг бүх католик шашинтай ард түмэн Григорийн тоололд шилжсэний дараа Орос оронд Европын баяртай адил 1919 оноос эхлэн Григорийн тооллыг мөрдөж шинэ оныг тэмдэглэх болжээ.
Португал
Ихэнх орны хүмүүс хоолоо амтат дарсаар даруулдаг бол португалчууд эхэлж дарсаа хүртсэний дараа давсалж хатаасан самхай загас, махан хоолыг ахиухан иддэг байна. Хамгийн сонирхолтой нь португальчууд цагийн зүү 00:00 цагийг заангуут 12 ширхэг усан үзэм идэж идэх тоолонгоо хүслээ шивнэдэг байна.
Румын
Шинэ жилд зориулан хайрсан хуушуурт мөнгө, бөгж, шаазангийн хэлтэрхий, чинжүү хийдэг. Ингээд дуу хөгжим болон цэнгэж байхдаа хуушуураа иддэг. Мөнгө, бөгж тааралдсан хүнийг их аз жаргалтай хүн гэж үздэг домогтой байжээ.
Унгар
Шинэ жилд зориулан бэлтгэсэн идээндээ шувууны мах оруулдаггүй байна. Энэ нь шинэ жилийн эхний өдөр шувууны мах идсэн хүний аз жаргал нисээд явчихдаг гэсэн домог эрт дээр үед үүссэнээс ийм заншил бий болжээ. Тэр ч атугай шинэ жилийн эхний өдөр шувууны мах иддэггүй.
Финлянд
Энд шинэ жилийн баяраар урт сахалтай, улаан дээлтэй өвгөн уут дүүрэн бэлэг үүрч ирээд хүүхдүүд ч улаан өнгийн дээл өмсөн өвлийн өвгөнийг дагалдан гүйлдэж хөгжүүн зугаа болдог байна. Харин өвлийн өвгөн айлд зочлоод “Энд томоогүй хүүхэд бий юу” гэж асууна. Тэгээд зөвхөн дуулгавартай хүүхдэд бэлэг өгдөг гэнэ. Тэд шинэ жилийн шөнө саримсыг зөгийн балтай хольж иднэ. Нөхөрт гарах охидууд нуруугаараа хаалга налан зогсоод гутлаа тайлан мөрөөрөө давуулан шиднэ. Гутал нь хаалгыг өлмийгөөрөө мөргөж унасан бол гарч байгаа онд хурим болно гэж бэлгэддэг ажээ.
Франц
12-р сарын 24-ний өдөр гэр бүлээрээ цуглараад хоорондоо бэлэг солилцон шөнө дундын үед мөргөл үйлдэцгээдэг ба ширээн дээрээ гахайн шарсан мах, дарс, шоколад, дарсанд дарж шарсан цацагт хяруул, төрөл бүрийн бяслаг, тэнгисийн амьтны мах орсон хоол, шампанск тавьдаг. Шинэ жилийг угтаж хүүхдүүд цасан хүн хийж тойрон бүжиглэдэг юм. Хамгийн сүүлд хайлсан цасан хүн хийсэн хүүхдийг хамгийн азтайд тооцдог. Францчууд хүүхдэд өгөх бэлгээ хайрцганд хийж нэрийг нь бичээд сүлд модныхоо доор тавьдаг. Дээр үед ил галынхаа наана хэц татаж урт урт оймснууд өлгөөд дотор нь хүүхдүүдийнхээ бэлгийг хийдэг байжээ. Хүүхдүүддээ өвлийн өвгөн яндангаар цаа хөлөглөн шөнө орж ирээд бэлэг өгдөг гэж итгүүлдэг байжээ. Францад шинэ жилээр айлд уригдсан зочид тэр гэр бүлийнхэнд анхаарал тавьсны тэмдэг болгож хэрчим мод авчирдаг юм.
Шотланд
Шотландад шинэ хуучин жил солигдоход торхон дотор давирхай шатааж гудамжаар өнхрүүлдэг. 00 цаг болмогц айл бүрийн хамгийн нэр хүндтэй хүн хэсэг зуур үүдээ онгойлгодог нь манайд хэн ч зочилж болно гэсэн санаа юм. Харин айлд орох хүн нэг жижигхэн нүүрс авч ороод галд нь нэмж “Гал нь мөнх бадраг” гэж ерөөдөг аж. Шинэ жилийн өглөө хамгийн түрүүнд хар үстэй хүн орж ирснээр аз жаргал гэрт орлоо хэмээн үздэг. Тэр хүнийг ихэд хүндэтгэдэг байна. Түүнийг “Нэг дэх буюу анхдагч хөл” гэж нэрлэдэг заншилтай. Харин шинэ жилийн эхний өдөр хараас өөр өнгийн үстэй хүн айлд зочилдоггүй аж.
АНУ
Америкчууд шинэ жилийн баяраа Есүс Христын мэндэлсэн өдөр хэмээн тэмдэглэж өнгөрүүлдэг байна. Энэ баяраар айл бүхэн сүлд мод засан, үдэш нь гэр бүлээрээ оройн зоог барьж, шинэ оноо угтдаг. Харин шинэ жилийн урьд шөнө хүүхдүүдээ бэлэг бэлддэг ажээ.
Норвеги
Норвегичууд шинэ жилийн баярыг 12 дугаар сарын 2-нд тэмдэглэдэг бөгөөд энэ өдрөөр тэд бараг бүтэн өдөржингөө бурхандаа залбиран ирэх жил аз жаргалтай сайн сайхан байлгаж өгөөч хэмээн залбирал үйлддэг байна. Мөн шинэ жилээр заавал бяслаг, бялуу, амттан иддэг ажээ.
Грек
Грекчүүд шинэ жилээ Христын мэндэлсэн өдөр хэмээн тэмдэглэж өнгөрүүлдэг. Харин шинэ оны хамгийн анхны өдөр бие биедээ бэлэг өгдөг уламжлалтай юм.
Австрали
Австралид яг зуны дунд сарын ид халуун өдрүүдэд шинэ жилийг тэмдэглэдэг бөгөөд энэ баяраар 1000 гэр бүл амтат хоол хүнс бэлтгэн наран шарлагын газарт очиж хүмүүсийг дайлдаг уламжлалтай юм. Мөн шинэ жилийн баяраар австрали хүн бүхэн тус орны бэлгэ тэмдэг болсон бяцхан улаан цэцгийг үсэндээ хатган биедээ зүүж гоёдог ажээ.
Мексик
Анх 1828 онд Америкийн ерөнхий сайд шинэ жилийн баяраар Мехиго хотод айлчилснаас хойш шинэ жилийг тэмдэглэдэг болжээ. Мексикчууд уг баяраар бие биендээ задгай зоосон мөнгө бэлэглэдэг бөгөөд хүүхдүүд нь энэ баяраар заавал төгөлдөр хуур тоглодог заншилтай.
Швед
12 дугаар сарын 13-нд тэмдэглэдэг. Учир нь энэ өдөр тус улсын хамгийн хүндэт хүн 19 дүгээр зууны их нигүүлсэгч Гэгэээн Люси хэмээх ламтны дурсгалыг хүндэтгэдэг ажээ. Энэ өдөр айл бүр өглөө эртлэн босож, Гэгээн Люсигийн гүүрэн дээр гаран 8 ширхэг лаа асаадаг бөгөөд лаа нь хэдий удаан асах тусам ирэх жилдээ тэр лааг асаасан хүн төдий чинээ аз жаргалтай байна гэж үздэг.
Судан
Шинэ жилийн өдөр нийтийг хамарсан бүжгийн наадам хийдэг юм. Энэ улсын олон үндэстэн ястан өөр өөрийнхөө бүжгийг хийдэг. Бүжгийн наадамд насанд хүрэгчид хүүхдийн дуу дуулж, өндөр настнуудыг олны өмнө гарган бүжиг хийлгэдэг байна.
Бирм
Хүмүүс хаана ч дайралдсан бие биеэсээ өрсөн ус цацахыг хичээх бөгөөд хувцас хунар нь хичнээн норсон ч дургүцдэггүй. Харин их баярладаг байна. Халуун бүсэд оршдог бирмд шинэ жил хамгийн халуун цагт болдог бөгөөд тэд шинэ жилийг “Тус хүргэх” өдөр гэж үздэг.
Өмнөд африк
Тус улсын зарим ард түмэн шинэ жилийг ургацын баяртай хамтруулан тэмдэглэдэг аж. Омог омгоороо ойн цоорхойд цугларан хагас дугуй хэлбэрээр сууцгаана. Омгийн ахлагчийг уламжлалт бүжгээ хийж дуусгаад гартаа барьсан хулуугаа хага шидэхэд бүгдээрээ босч бүжиглэдэг. Эндхийн хүмүүс бүжиглэх их дуртай. Шинэ жилээр тэд эцэтлээ бүжиглэдэг байна.
Энэтхэг
Шинэ жилийг шөнө дунд биш нар мандахад угтдаг. Хувцсаа ягаан, улаан, цагаан өнгийн цэцгээр, хаалга цонхоо гэрлээр чимж, эелдэг зантай байхыг хүн бүр эрхэмлэнэ. Уурлаж маргасан хүн жилийн турш өөдлөхгүй гэж үздэг. Тийм учраас босгоныхоо өмнө зочломтгой эзний тэмдэг болгож өнгөт зураг тавьдаг байна. Он солигдох шөнө, хүүхдүүдэд өгөх бэлгээ тусгай тавиур дээр бэлтгэнэ. Шинэ оны өглөө хүүхдүүдэд нүдээ анин очиж тавиур дээрээс бэлгээ авдаг заншилтай. Шинийн нэгний өглөө энэтхэгчүүд аз жаргалын бурхан Лашмид мөргөдөг юм.
Орон орны шинэ жилийн уламжлал ёсууд хэрхэн үйлдэгддэг вэ | ||
Үзсэн: 1277 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.