
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2023 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох ажлын хэсгээс боловсруулан, оруулж ирсэн “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Ажлын хэсгийн танилцуулгыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. Тэрбээр, 2023 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүдээс Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд эмэгтэй нэр дэвшигчдийн төлөөллийг оролцуулах талаар санал гаргасан тул Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.3 дахь хэсгийг үндэслэн уг асуудлыг Төрийн байгуулалтын хороонд дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул Ажлын хэсэг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хуралдлаа.
Ажлын хэсэг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдааны санал хураалтын дүнгээ хүчингүй болгох горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ гээд ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд нууц санал хураалт явуулж, 136 нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг сонгосныг танилцуулав. Нэр дэвшигчдэд өмнө нь сонгогдож байсан 11 нэр дэвшигч болон 2 эмэгтэй нэр дэвшигч сонгогдсоныг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлж, УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд өмнө нь нэр дэвшсэн ч олонхийн санал аваагүй хасагдсан Д.Мягмарсүрэн, И.Цэрэн-Онолт нарыг Зөвлөлдөх зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавих Хяналтын зөвлөлд оруулж ажиллуулахыг чиглэл болголоо.
Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг танилцуулав. Тогтоолын төсөлд,
- Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэн эдийн засагч О.Амартүвшин,
- Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос нэр дэвшүүлсэн эдийн засагч Ө.Ганхуяг,
- Хувь иргэнээр нэр дэвшсэн эдийн засагч Б.Отгонтөгс,
- Монголын ажил олгогч эздийн холбооноос нэр дэвшүүлсэн арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер Х.Ганбаатар,
- Монгол Улсын Шинжлэх Ухааны академиас нэр дэвшүүлсэн гүн ухаан, нийгмийн ухааны багш, академич Г.Чулуунбаатар,
- Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн улс төрийн эдийн засагч, эрх зүйч Л.Төр-Од,
- Хувь иргэнээр нэр дэвшсэн зураг, хөдөлмөрийн багш Г.Галбадрах,
- Радио электроникийн инженер Д.Моондой,
- “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн эрх зүйч Ц.Мандхайхатан,
- Монгол Улсын Их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн судлаач О.Мөнхсайхан,
- Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн хөдөлмөрийн эдийн засагч С.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй Зөвлөлдөх зөвлөл байгуулахаар тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт, саналтай гишүүн байсангүй. Ингээд “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн саналаар дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
ТББХ: “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв | ||
Үзсэн: 322 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.