Шууд Chart

Ерөнхийлөгч Алтай ханы Таванбогд хайрханы тэнгэрийг тайх ёслолд оролцлоо

2014-07-10 16:11:31

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Төрийн тахилгат Алтай ханы Таванбогд хайрханы тэнгэрийг тайх ёслолд оролцсоныхоо дараа Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын малчин Батчулуун болон Халифагийнд тус тус зочилсон юм. Энэ үеэр нутгийн иргэд үе улиран шүтэж дээдэлж ирсэн Монгол Алтайн өндөрлөг Таванбогд уулыг төрийн тахилгат болгох иргэдийн санаачилгыг хүлээн авч, улмаар төрийн тахилгат хайрхан болгох зарлиг буулгаж ийнхүү байгаль дэлхийгээ баярлуулан төрийн ёс үйлдсэнд сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийллээ. Мөн манантай бүрхэг байсан Таванбогд хайрхан Монгол Улсын Ерөнхийлөгчийг үг хэлэнгүүт ойрд цэлмээгүйгээр цэлмэж нар гарсанд нутгийн зон олон ихэд бэлгэшээж буйгаа хэлсэн юм.  

Малчин айлуудад зочлох үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголчуудаа морио унацгаая” хэмээх уриалга гаргасан бөгөөд нэгдүгээр ангид элсэн орж буй малчдын хүүхдүүдийн өмнө тулгамддаг бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч малчин айлд зочлохдоо улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар болон бусад олон сэдвээр ярилцаж цугласан иргэдийнхээ асуултад хариулав.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Төрийн тахилгад оролцоод буцахдаа энэ үеэр тохиож буй Баян-Өлгий аймгийн баяр наадмын баярын хуралд оролцож үг хэлсэн юм.
“Би Баян-Өлгий аймагт ирж, Баян-Өлгийнхөө ард иргэдтэй уулзаж байгаадаа баяртай байна. Манай Баян-Өлгийчүүд, энд амьдарч байгаа ард иргэд маань хэзээнээс Монгол орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ аз жаргалант сайн сайхан амьдралын төлөө тэмцэж, зүтгэж ирсэн баатарлаг уламжлалтай ард түмэн. Энэ сайхан уламжлал өнөөдөр ч гэсэн үргэлжилж байгаа.
 
Баян-Өлгий аймгаас, манай Өлгийчүүдийн дундаас олон хүн улс орныхоо төрийн өндөр цол хүлээж ард олныхоо бахархал болж явдгийг энд цохон тэмдэглэхэд их таатай байна. Энэ удаагийн баяр наадам их онцлогтой болж байгаа. Манай Баян-Өлгийчүүдээс гарсан санал хүсэлт Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар уламжлагдан ирж “Монгол орны хамгийн өндөр цаст хайрхан болсон Алтай Таванбогд хайрханаа төр түмнээрээ тахья, өмнө нь олон зуунаар ард түмэн маань тахиж ирсэн уламжлалаа сэргээе, Ерөнхийлөгч зарлиг буулгаж өгнө үү” гэсэн хүсэлт ирсэн. Ингээд 2012 онд Алтай Таванбогд хайрханаа тахих зарлиг гарсан. Үүний дагуу сая 2014 оны долоодугаар сарын гуравны билэгт сайн өдөр тахилга маань ёслол төгөлдөр боллоо. Нутгийн ард иргэд маш их талархалтайгаар хүлээж авлаа. Уул хангай, Алтай хайрхан маань ч маш сайхан хүлээж авлаа. Алтай Таванбогд маань 13 оргилоос бүрддэг, Монгол түмний нүүдэлчин соёлын, энд амьдарч байгаа манай казах, урианхай, тува, дөрвөд түмэн гээд олон ардыг маань үеийн үед ивээж ирсэн оргил билээ”  хэмээн их хайрханы тухай, хүн байгалийн хүйн холбооны тухай, монгол соёл хийгээд байгаль орчны бодлогын талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлж нутгийн зон олонд мэндчилгээ дэвшүүлсэн юм.
 
Дараа нь Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат,  УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт яруу найрагч Б.Лхагвасүрэн, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат, Зам тээврийн дэд сайд Х.Ержан нарын зочид төлөөлөгчид тус нутгийн иргэдтэй уулзаж санал бодлоо солилцлоо.
 
Ерөнхийлөгчийн Баян-Өлгий аймагт зочилсон нэвтрүүлэг өнөөдөр 20:50 цагаас МҮОНТ-ийн нэг, хоёрдугаар сувгаар үзэгч олонд хүрнэ.
 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Ерөнхийлөгч Алтай ханы Таванбогд хайрханы тэнгэрийг тайх ёслолд оролцлоо  
Үзсэн: 5844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй