Шууд Chart

Үндэсний сурын харваа үргэлжилж байна

2014-07-10 16:45:08

Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадам энэ сарын 7-ны өдөр Урианхай сурын харваагаар эхэлж, өмнөх өдрүүдэд буриад, хүүхдийн сурын харваанууд үргэлжлэн явагдаж шилдгүүдээ тодруулсан.

Тэгвэл өнөөдөр Үндэсний сурын харваа албан ёсоор эхэлж, харваачид цэц мэргэнээ сорьж байна. Энэ жилийн сурын харвааны төрлүүдэд нийт 750 харваач цэц мэргэнээ сорьж байгаагаас үндэсний сурын харваанд 360 харваач сум тавьж байгаа аж.
 
Үүнээс Монгол Улсын мэргэн цолтон 30, спортын цол зэрэгтэй 130 харваач сум тавьж байгаа бөгөөд 200 орчим харваач мөн өрсөлдөж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцлож байлаа.
 
Монгол Улсын аймаг бүрээс харваачид багийн бүрэлдэхүүнтэйгээр хүрэлцэн ирж, үндэсний их баяр наадамдаа оролцож байгаа бөгөөд бэлтгэл сургуулилтын хувьд жилийн дөрвөн улирлын турш үргэлжилдэг тул өрсөлдөөн ширүүхэн явагдаж байна.
 
Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд залуус эрийн гурван наадмын нэгэн төрөл болох сурын харвааг сонирхон, бэлтгэл сургуулилтад хамрагдах нь ихсэж, жил бүрийн наадмаар сум тавих залуусын тоо олширсоор байгаа юм.
 
Түүнчлэн Үндэсний их баяр наадмаар харваачдын хэрэглэж буй эвэр элэгтэй, шөрмөсөн артай нум сумуудыг үндэсний үйлдвэрлэгчид хийх болсон байна.
 
Үндэсний сурын харваа баяр наадмын өдрүүдэд үргэлжлэн явагдаж, 12-ны өдрийн 13:40-14:00 цагийн хооронд шөвгийн найман харваач сум тавьснаар шилдгээ тодруулах юм. Мэдээллийг бид цаг тухайд нь хүргэх болно.

 

 

 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Үндэсний сурын харваа үргэлжилж байна   
Үзсэн: 3178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй