
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд “Монгол УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023 оны нэгдүгээр сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав.
Байнгын хорооны тогтоолын төсөлд заасан хууль, тогтоолын төслөөс гадна хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцуулсан бөгөөд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, "Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Байнгын хорооны тогтоолын дээрх төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, Ц.Цэрэнпунцаг гишүүн тайлбар, хариулт өгсөн юм. Дараа нь санал хураалт явуулахад Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн санал нэгтэйгээр дэмжиж, Байнгын хорооны тогтоол батлагдав.
Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн баталсан. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 12 гишүүний өргөн мэдүүлсэн “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн өргөн мэдүүсэн “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг нэгтгэн, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Батлут ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Ганибал, Т.Доржханд, С.Чинзориг, Б.Энхбаяр нар ажиллахаар тогтов.
ЭЗБХ: Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа | ||
Үзсэн: 281 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.