Шууд Chart

УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

2023-01-10 15:38:30

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуультай холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хуралдаанаар хийж, ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.

УИХ-аас 2022 оны арван хоёрдугаар сарын 23-ны өдөр Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсантай холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ 2022 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Ажлын хэсэг тогтоолын төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүй, үг хэллэг, нэр томьёо, найруулгын саналыг төсөлд тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр төслийг хэлэлцэх үеэр хуралдаан даргалагчаас тогтоолын төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу ажлын хэсэг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу холбогдох саналыг бэлтгэн томьёолсон байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн танилцуулсан дээрх танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Баялгийн оновчтой менежментийг хэрэгжүүлэх шаардлагын талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр байр сууриа илэрхийлж, тогтоолын төсөлд энэ агуулгаар холбогдох заалтыг тусгах санал хэлсэн. Энэхүү тогтоолын төсөл дэх зохицуулалтын хүрээнд иргэдийн эзэмшил дэх “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны өгөөжийг нэмэгдүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн 1 сая орчим хүүхдэд төрийн эзэмшлийн хувьцаанаас 1072 ширхэгийг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ хэмээн харж байгаагаа Ж.Бат-Эрдэнэ гишүүн тайлбарласан.

Түүнчлэн газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард иргэдэд тэгш, шударга, хүртээмжтэй болгох, компанийн сайн засаглал, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг хөрөнгийн биржид бүртгэлтэй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгож байгаа гэлээ. Иргэн бүрийн эзэмшиж буй “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны өгөөжийг нэмэгдүүлэх, жил бүрийн ноогдол ашгийг олгохтой холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Батлут нар санал гаргаж байв. Мөн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Ганибал, О.Цогтгэрэл, Т.Доржханд, Д.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам нар байр сууриа илэрхийлсний дараа ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ. “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол”-ын тайланг хэлэлцсэн бөгөөд хуралдаан даргалагчаас тайлангийн үр дүн болон Монгол УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэг, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 117 дугаар зүйл 117.5 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын шийдвэрийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэх чиглэлийг Эдийн засгийн байнгын хороонд өгсөн. Энэ дагуу ерөнхий хяналтын сонсголын тайлангийн агуулгын дагуу холбогдох тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Т.Доржханд, М.Оюунчимэг, Б.Энхбаяр нар санал гаргаж, байр сууриа илэрхийлсэн юм. Мөн УИХ-ын тогтоолын төслийн заалтуудтай холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв.

“Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг ийнхүү хэлэлцэж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв  
Үзсэн: 243 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй