Шууд Chart

Чуулга уулзалтын салбар хуралдаанууд болж байна

2023-01-11 15:21:08

Үндэсний зөвшилцлийг хангах “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын өнөөдөр (2023.01.11) Төрийн ордонд болж буй “Улс төр, эдийн засаг, эрхзүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтын салбар хуралдаануудаар улс орны эдийн засгийн хөгжил, засаглал, шударга ёсны шинэчлэл, төрийн тогтолцоо, нийгмийн ардчиллыг ардчиллыг төгөлдөржүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлуудын хэлэлцэж байна.

Парламентын ардчиллыг төгөлдөржүүлэх нь сэдэвт салбар хуралдааныг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд, Зөвлөлдөх санал асуулгыг  удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар нар чиглүүлж, Үндсэн хуулиар тогтоосон төрийн байгуулалтын алдаа, оноо, цаг үеийн нөхцөл шаардлага нийцэж байгаа эсэх, Монгол Улсын ирэх 30 жилийн хөгжлийн чиг хандлагад нийцэж буй эсэх, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний ололтыг цаашид улам батжуулан бэхжүүлэх тогтолцооны чадамж, боломжийн талаар ярилцаж байна. Чуулга уулзалтад оролцогчид салбар хуралдаануудад саналаараа оролцож байгаа бөгөөд Үндсэн хууль, төрийн тогтолцоо, засаглалын сэдэвт тус салбар хуралдаанд 175 орчим хүн оролцож, санал бодлоо уралдуулж байна.

Эрхзүйн шинэчлэлийн асуудлаарх салбар хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, гишүүн Б.Энхбаяр нар удирдан явуулж байна. Салбар хуралдааны эхэнд дэд дарга Л.Мөнхбаатар 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэн хийж буй эрх зүйн шинэчлэлийн талаар товч танилцуулсан юм. Энэ хүрээнд 40 орчии томоохон хууль, тогтоомжийг шинэчлэхээр төлөвлөснөөс 20 орчмыг нь батлаад байгаа юм. Тэрбээр, авилга, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангаруулах чиглэлээр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай, төрийн өмчийн удирдлага, менежментийн хууль эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байгаа, цаашид улс төрийн намын тухай, намын санхүүжилтйн тухай, сонгуулийн тухай хуулиудад шинэчлэл хийх шаардлагатайг дурдан, чуулга уулзалтад оролцогчид саналаа хэлж байна. Тус салбар хуралдаанд 50 орчим оролцогч оролцож байгаагаас 25 нь үг хэлэхээр бүртгүүлсэн байна.

100 орчим оролцогч уулзаж байгаа Эдийн зсгийн шинэчлэл салбар хуралдааныг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Тэмүүлэн нар удирдан чиглүүлж байна. Улс орны эдийн засгийн бүтцийн өрөөсгөл байдлыг халж, солонгоруулах, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” хөтөлбөрт туссан зорилго, төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх арга зам, нийгэмд газар авсан ядуурал, ажилгүйдлийг шийдвэрлэх, хавтгайрсан халамжийг хөдөлмөр эрхлэлт рүү чиглүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж байна. Салбар хуралдаанд богино хугацаанд 50 орчим хүн үг хэлж, санал бодлоо илэрхийлэхээр нэрсээ бүртгүүлжээ.

Салбар хуралдаанууд 16.50 цаг хүртэл үргэлжилж, Чуулга уулзалтын хаалтын хуралдаанаар санал дүгнэлтүүдээ нэгтгэж, зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлд өгөх зөвлөмжийг батлан гаргах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Чуулга уулзалтын салбар хуралдаанууд болж байна  
Үзсэн: 294 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй