Шууд Chart

УИХ: Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2023-01-12 14:24:48

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүнээс 2016 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын 2022 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдөр, 2023 оны нэгдүгээр сарын 05, 06-ны өдрүүдийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Тус Байнгын хороо 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасныг баримтлан дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас санал хураалт явуулахгүйгээр төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулахаар Байнгын хороонд шилжүүлсний дагуу Ажлын хэсэг төслийн 10, 25 дугаар зүйлүүдэд заасан Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтран батлах журмуудын ерөнхий зохицуулалтыг дэлгэрэнгүй тусгасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд бэлтгэснийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг үндэслэн санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн болохыг Ц.Цэрэнпунцаг гишүүн танилцуулав.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Бямба-Очир, Б.Дэлгэрсайхан, Д.Ганбат нар асуулт асууж, Байнгын хорооны дарга, ажлын хэсгээс хариулт авлаа. Бусад улс орны төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой банкууд хөрөнгө оруулалтын чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалтын талаарх гишүүдийн асуултад ажлын хэсгээс хариулт өгөхдөө “Төслийн 15.2 дахь заалтаар зохицуулахаар тусгасан байгаа. Гадаад улс орны төрийн өмчит хуулийн этгээд Монгол Улсад хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрөл хүссэн бол Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21.1-т заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас буюу гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Эдийн засгийн хөгжлийн яамнаас урьдчилсан зөвшөөрөл авах юм. Дээрх заалтын хүрээнд уул уурхай, банк, санхүү, хэвлэл, мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших тохиолдолд урьдчилж зөвшөөрөл авах зохицуулалттай” гэдэг хариулт өгсөн. Төслөөр хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк төсөл санхүүжүүлэх зорилгоор харилцагчийн үнэт цаасны зах зээл, мөнгөний зах дээр арилжаалагдах үнэт цаас, санхүүгийн хэрэгслийг худалдаж, худалдан авч болох бөгөөд компанийн хувьцааг тав хүртэлх жилийн хугацаанд эзэмших зохицуулалтын талаар С.Бямбацогт гишүүн тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан юм.

Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны үндсэн үйл ажиллагаа нь төсөл санхүүжүүлэх бөгөөд энэ үүргийг дагалдах хэрэгсэл болно гэдэг тайлбарыг хэлэв. Тодорхой төслийг санхүүжүүлэх явцдаа төслийнхөө талаар, үйл ажиллагааных нь талаар мэдээлэлтэй байж, амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой байх үүднээс харилцагч, түүний холбогдох этгээдийн гаргасан хувьцааны 20 хүртэл хувийг хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк нь эзэмшиж болох бөгөөд эзэмшиж байгаа хувьцаа нь саналын эрхгүй байхаар төсөл тусгасан байна. Харин төрлийн харилцааг нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хамтран баталсан журмаар зохицуулах аж. Хөрөнгө оруулсан компанийнхаа хувьцааны тодорхой хувийг худалдан авч, тав хүртэлх жилийн хугацаанд эзэмших зохицуулалтыг олон улсын жишгийн дагуу оруулсан бөгөөд бусад улс орнуудад 5-9 жил байдаг гэв. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсын дараа Эдийн засгийн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын 2 томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв. Төслийн 8 дугаар зүйлийг 10 дугаар зүйл болгон, бүхэлд нь өөрчлөн найруулахыг нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын 53 гишүүний 52.8 хувь нь, төсөлд “Хяналт шалгалт” гэсэн 25 дугаар зүйлийг шинээр нэмэхийг гишүүдийн 51.9 хувь нь дэмжив. Ийнхүү Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.


УИХ: Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй