
УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаарх ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулав.
УИХ-ын гишүүн Т.Доржханд, Ш.Адьшаа нарын 15 гишүүнээс 2022 оны арван хоёрдугаар сарын 05-ны өдөр нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүсэлт ирүүлсний дагуу “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар эрх бүхий байгууллагуудын тайлан мэдээлэлтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсголыг 2022 оны арван хоёрдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж, УИХ-ын 2023 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсголын тайланг хэлэлцүүлсэн.
Сонсголын тайлан сонссонтой холбогдуулан “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хорооноос санаачлан боловсруулж, 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ.
Тогтоолын төсөлд нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой эрх бүхий байгууллагуудын удирдлага, хяналт, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, олон нийтийн хяналтыг сайжруулах чиглэлээр Монгол УИХ-ын Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаатай Засгийн газрын шалгалтын ажлыг уялдуулах, Үндэсний баялгийн сангийн тухай, Эрдэс баялгийн бүтээгдэхүүний ил тод байдлын тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд яаралтай өргөн мэдүүлэх, 1991 онд батлагдсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг судлан үзэж, саналаа танилцуулах, төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударгаар хүртээх зорилгоор “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэн бүрд шинээр хувьцаа эзэмшүүлэх асуудлыг судалж, танилцуулах, иргэний мэдээлэл авах эрхийг хангах хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид үндэслэн аж ахуйн болон хөрөнгө оруулалтын чиглэлийн аливаа оффтейк гэрээ байгуулахгүй байх, улсын нууцад хамааруулахгүй байх, шаардлагатай тохиолдолд Улсын Их Хуралд танилцуулж, хэлэлцүүлэх, “Эрдэнэс-Таван толгой” ХК-иас санхүүжүүлсэн оффтейк гэрээний хүрээнд хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа төмөр замын бүтээн байгуулалтад хөндлөнгийн аудит оруулах, аудитын дүгнэлтэд үндэслэн санхүүжилтийг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх зэрэг тодорхой арга хэмжээ авч, хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.
Түүнчлэн Монгол УИХ-ын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлах сонсголыг УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан зохион байгуулах, нийтийн эрх ашгийг хөндсөн Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалт, үр нөлөөг сайжруулах зорилгоор оролцогчдын хамрах хүрээ, эрх, үүргийг тодорхой болгох, сонсголын үр дүнг мэдээлэх, холбогдох байгууллагад үүрэг чиглэл өгөх, биелэлтэд хяналт тавих, шаардлагатай гэж үзвэл холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаарх саналаа Улсын Их Хуралд танилцуулахыг холбогдох Байнгын хороодод даалгасан болохыг Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсан байна.
С.Чинзориг гишүүний танилцуулсан дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, С.Амарсайхан, Н.Ганибал, Ж.Батжаргал, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Ш.Раднаасэд, Т.Доржханд, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар асуулт асууж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019 онд 1072 ширхэг хувьцаа эзэмшигч 2.171.000 иргэнд 154 тэрбум төгрөгийн ноогдол ашгийг хувааж олгосон баримтыг М.Оюунчимэг гишүүн танилцуулаад энэ жишгээр 2020, 2021, 2022 онуудын мөн хэмжээний ноогдол ашгийг хувьцаа эзэмшигч иргэдэдээ олгох боломж бий хэмээн үзэж буйгаа хэлсэн. Мөн тогтоолын төсөлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн босгосон бондуудын зарцуулалтын тайланг олон нийтэд ил тод болгох асуудлыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан тогтоолын төсөлд “2021, 2022 онуудад 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй иргэдэд хувьцааны ногдол ашгийг нөхөн олгох” хэмээн тусгасан байгааг дурдаад, үүнийг бэлэн мөнгөөр олгохын оронд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт суутгах, орон сууцны төлбөрт суутгах гэх зэрэг олон хувилбараар ашиглах боломжийг бүрдүүлэх чиглэлээр хувьцааны үр өгөөжийг хүртэх боломжийг олгох нь зүйтэй гэдэг саналыг хэлж байв. Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорт, түүнд тавих хяналтыг сайжруулж, ил тод байдлыг ханган, үр ашгийг дээшлүүлэх үүрэг чиглэлийг Засгийн газарт нэн тодорхой хэлбэрээр өгөх ёстой гэдэг байр суурийг Ж.Батжаргал гишүүн илэрхийлсэн.
Уул уурхайн салбар, ашигт малтмал олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжүүд, тэдгээртэй холбоотой бусад төрлийн үйл ажиллагааг хяналтад оруулж, үр ашгийг нийтэд хүртээх асуудлаар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагын талаар Ш.Раднаасэд гишүүн байр сууриа илэрхийлсэн. Монгол Улсын хэмжээнд нийтдээ 1148 ширхэг ашиглалтын лиценз байгааг 3.4 сая хүнд хувааж тооцоход 2800 хүн тутам нэг лиценз ашиглах тооцоолол гарч байгааг дурдаад тогтоолын төслөөр ердөө ганц аж ахуйн нэгж буюу "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн асуудлыг бус байгалийн баялгийн үр өгөөжийг нийтэд тэгш, хүртээмжтэйгээр хуваарилах асуудлыг шийдвэрлэх санал гаргаж байлаа.
Ийнхүү “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв.
УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв | ||
Үзсэн: 400 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.