
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибалын 2022 оны аравдугаар сарын 20-ны өдөр мах, махан бүтээгдэхүүний экспортын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээллийг танилцуулав.
Монгол Улсын мал сүргийн тоо сүүлийн 5 жил дунджаар 3.8 хувиар өсөж, 2022 онд 71.3 саяд хүрсэн. Үүний 15 сая толгой мал буюу дунджаар 20 хувийг нь хүнсэнд хэрэгцээлж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг байна. Аймаг, орон нутгаас ирүүлсэн судалгаагаар 2022-2023 онд хүн амын хэрэгцээнд 12.8 сая толгой мал буюу 387.9 мян.тн махыг нийлүүлж, нийт мал сүргийн 9.1 хувь буюу 186.0 мянган тонн мах экспортлох боломжтой гэлээ.
Монгол Улс КОВИД-19 цар тахлын дэгдэлтээс өмнөх хоёр жилд 129 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж байсан бол цар тахлын хязгаарлалт, тээвэр логистикийн хүндрэл, эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдлаас шалтгаалан энэ хэмжээ 45 хувиар буурч 2020 онд 38.8 мянган тонн, 2021 онд 21.8 мянган тонн, 2022 онд 43 аж ахуйн нэгж 10 улсад 16.0 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ.
Короновируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны зургадугаар сараас эхлэн БНХАУ мах, махан бүтээгдэхүүний экспортыг хязгаарласан боловч Монгол Улсын Гадаад харилцааны яам БНХАУ-ын эрх бүхий байгууллагатай олон удаагийн яриа, хэлцэл хийсний дүнд БНХАУ-ын Гаалийн ерөнхий газартай “Нэмэлт гэрчилгээ”-ний загварыг тохирчээ. Үүний үр дүнд 2022 оны арван нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн экспорт сэргэж, Гаалийн ерөнхий газрын мэдээгээр 2023 оны эхний сард 0.9 мянган тонн адууны мах, 0.8 мянган тонн дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн, нийт 1.7 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортолсон байна.
Цаашид мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гуравдагч орны зах зээлд шинээр нэвтрэх зорилгоор Ойрх Дорнод болон Зүүн өмнөд азийн улсын зах зээлийг судалж, халал аргаар бэлтгэсэн мах экспортлох нөхцөлийг тохирох чиглэлээр ажиллаж байгаа ба 2022 онд 5 улсад 3.9 мянган тонн хонь, ямааны мах экспортолжээ.
БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй 17 үйлдвэрийн үйл ажиллагаа, эрүүл ахуй, чанар, аюулгүй байдалд хяналт, шалгалт хийсэн ба эдгээр үйлдвэрийн үйл ажиллагаа чанар, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан нь тогтоогдсон байна.
БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй үйлдвэрийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилгоор 100 гаруй мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрт хяналт, шалгалт хийж, шаардлага хангасан 34 үйлдвэрийн нэрийг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газарт 2022 онд хүргүүлсэн. Мөн БНХАУ-ын нэг цонхны цахим системд бүртгүүлэх, Монгол Улсын холбогдох байгууллагаар баталгаа гаргуулах, цахимаар хүргүүлэх системийг бүрдүүлж, өнөөдрийн байдлаар 9 аж ахуйн нэгж БНХАУ-ын холбогдох байгууллагад цахимаар хүсэлтээ хүргүүлжээ.
ХХААХҮЯ нь Монгол Улсын мал сүргийн өсөлт, 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлыг харгалзан 2023 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд үхрийн махнаас бусад төрлийн махны экспортод тоо хэмжээний хязгаарлалт тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн ба давхардсан тоогоор 26 аж ахуйн нэгжид нийт 13 мянган тонн үхрийн түүхий болон дулааны аргаар боловсруулсан мах экспортлох зөвшөөрлийг олгосон. Эдгээр аж ахуйн нэгж өнөөдрийн байдлаар 1.9 мянган тонн махыг бэлтгэн, экспортлохоор Бодлогын гэрээ байгуулсан байна.
Монгол Улс мах, махан бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр дэлхийн 22 улстай хамтран ажиллаж, Засгийн газар хоорондын хэлэлцээр 10, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай протокол 15, харилцан ойлголцлын санамж бичиг 7, мал эмнэлгийн гэрчилгээ 28, мал эмнэлэг хорио цээрийн нөхцөл 4, хорио цээр, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлага 3 тохиролцсон байна.
Монгол Улс дэлхийн зах зээлд өрсөлдөхийн тулд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Газрын амьтны эрүүл мэндийн кодексын шаардлагыг хангах ёстой. Гэвч Монгол Улсад сүүлийн 10 жилийн хугацаанд олон улсын худалдааны хорио цээртэй шүлхий, хонины цэцэг, бог малын мялзан, үхрийн арьс товруутах өвчин тасралтгүй бүртгэгдсэн нь малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн экспортлох боломж, нөхцөлийг хязгаарлажээ.
Иймд Засгийн газрын 2022 оны 424 дүгээр тогтоолоор Монгол Улсын баруун, хангай, зүүн бүсийн 7 аймгийн нутаг дэвсгэрт “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс”-ийг байгуулахаар шийдвэрлэн, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа гэв.
Мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус нийт 7 байгууллага оролцож, холбогдох хууль тогтоомжийн дагуу 24 баримт бичгийг давхардсан тоогоор 53 удаа бүрдүүлж, үүнд нийт 316 цаг буюу 13 хоног зарцуулдаг тул төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, шат дамжлагыг бууруулах зорилгоор Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан нэг цонхны зарчмыг баримтлан экспортлохоор цахим системийн хөгжүүлэлтийг эхлүүлээд байгааг Х.Болорчулуун сайд танилцууллаа.
Монгол Улсын сүүлийн 3 жилд дунджаар 2.3 сая толгой малыг экспортолсон бөгөөд нийт экспортын 90 гаруй хувийг БНХАУ, үлдсэн хувийг Иран, Арабын нэгдсэн Эмират, Казахстан Улс болон Хонконг эзэлж байгаа юм байна.
Мах, махан бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 1/ олон улсын худалдааны хорио цээртэй өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаажуулалт, халдваргүйтгэл, шилжилт хөдөлгөөний хязгаарлалт, тандалтын арга хэмжээг төлөвлөгөөний дагуу тогтмол хэрэгжүүлж байна, 2/ мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг малчин өрх нэг бүрээр цахимаар төлөвлөж, гүйцэтгэл, хяналтыг хэрэгжүүлэх, гарал үүсэл, эрүүл нь баталгаажсан малыг үйлдвэрт төхөөрч, ул мөрийг мөшгөн тогтоох зорилгоор Мал эмнэлгийн болон махны үйлдвэрийн үйл ажиллагааны системийг нэвтрүүлэн ажиллаж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд танилцууллаа.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Н.Ганибал, Ш.Адьшаа нар асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт авав. Н.Ганибал гишүүн өвөл, хавар хатуу болох төлөвтэй тул махны экспортыг эрчимжүүлэхэд салбарын яам онцгой анхаарч, малчдаа бодлогоор дэмжин ажиллах шаардлагыг дурдаад “Жилд 1 тэрбум ам.доллар олох боломжтой махны экспортын асуудалд анхаарах, улмаар мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих нь нэн чухал байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Ийнхүү Улсын Их Хурлын гишүүний тавьсан асуулгын хариуг сонссоны дараа Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар хууль, тогтоолуудын эцсийн найруулгыг танилцуулсан юм. Шүүх шинжилгээний тухай /Шинэчилсэн найруулга/, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль болон дагалдан гарсан хуулиудын эцсийн найруулгыг өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар сонслоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мах, махан бүтээгдэхүүний экспортын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх асуулгын хариуг сонсов | ||
Үзсэн: 1697 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.