
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу сонсголын ирцийг Тамгын газар бүртгэж, ирээгүй гэрч, шинжээч, хянан шалгагч, ажиглагч болон холбогдох бусад этгээдэд сонсголын товыг мэдэгдсэн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг сонсгол даргалагчид илтгэв.
Өнөөдрийн сонсголд хянан шалгах түр хорооноос томилогдсон 2 хянан шалгагч, 6 шинжээч, хөндлөнгийн ажиглагчаар Нээлттэй нийгэм форум, Оюуны инновац, Цогц хөгжлийн үндэсний төв, “Бодлогод залуусын хяналт” зэрэг 4 төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм байна. Мөн сонсгол даргалагчийн урилгаар оролцож буй ажиглагчдыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэн танилцууллаа.
Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор болон Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга, Цагдаагийн Ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч болон Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар өнөөдрийн нотлох баримтыг шинжлэх судлах сонсголд оролцож байгаа юм байна. Монгол Улсын Хөгжлийн банкны одоогийн удирдлагуудаас 10 албан тушаалтан сонсголд оролцох хүсэлтээ ирүүлсэн бөгөөд өнөөдөр тэргүүн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч, Эрсдэлийн удирдлагын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч, Бизнес, төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтын албаны дарга бөгөөд Захиргаа удирдлагын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч, Экспорт, импорт худалдааны санхүүжилтийн газрын захирлын үүрэг гүйцэтгэгч, Төслийн санхүүжилтийн газрын захирлын үүрэг гүйцэтгэгч, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн захирал, Төслийн гүйцэтгэлийн хяналт, эрсдэлийн хэлтсийн захирал, Эрсдэлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн, Эрсдэлийн удирдлагын газрын Эрсдэлийн бодлогын хэлтсийн захирал, хуульч зэрэг хүсэлт ирүүлсэн албан тушаалтнууд бүгд оролцож байгааг Ж.Лхагвасүрэн дарга илтгэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд оролцуулахаар хүргүүлсэн мэдэгдэх хуудас болон ирцийн талаар танилцуулав. Сонсгол даргалагч нийтдээ 121 гэрчид хүргүүлэх мэдэгдэх хуудаст гарын үсэг зурсан байна. Үүнээс 45 мэдэгдэх хуудсыг гэрчид гардуулсан бол 30 мэдэгдэх хуудсыг хамаарал бүхий этгээдэд нь хүлээлгэн өгчээ. 39 гэрчид утас болон цахим хаягаар мэдэгдсэн бол 6 гэрчтэй холбоо барьж чадаагүй аж. Нийт 121 гэрчийн 82 нь нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд оролцохоо мэдэгдсэн байна. 7 субьект өмгөөлөгч, төлөөлөгчийн хамтаар оролцож байгааг мөн танилцууллаа. Оролцох эсэхээ 11 гэрч тодорхой илэрхийлээгүй бол оролцох боломжгүй гэдгээ 28 гэрч бичгээр гаргаж, хянан шалгах түр хороонд ирүүлсэн байна.
Энэ удаагийн сонсголоор Хөгжлийн банкнаас авсан зээл нь төлөгдсөн эсэхээс үл хамааран зарцуулалт нь зориулалтын дагуу эсэхийг данс хөөх аргаар шалгасан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Б.Энхбаяр танилцуулаад “Урьд өмнө ийм том хэмжээний данс хөөх шалгалт хийж байгаагүй. Сар хагасын өмнө сая гаруй дансны гүйлгээ шалгасан бол өчигдрийн байдлаар 3 сая гүйлгээ шалгаад байгаагаа надад танилцуулж байна билээ. Данс хөөх шалгалт дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилнэ гэж бодож байна. Шалгалтын дүнгээс үүдэн тодруулга хийх шаардлагатай хэмээн үзэж гэрчүүдийг оролцуулж байгаа. Гэрчүүдийг буруутай гэж ойлгож болохгүй гэдгийг зориуд онцолж хэлье” гэв. Гэрчүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэйг сонсгол даргалагч хэлээд, сонсголын явцад өгсөн мэдээлэл нь шүүх хуралд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ гэдгийг санууллаа.
Ингээд Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлах ажиллагаа эхэлсэн. Эхлээд хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчид зээл нэг бүрийн талаар гаргасан тайлан, дүгнэлт болон бичмэл нотлох баримтуудаа танилцуулж, Хянан шалгах түр хорооны гишүүд тайлан, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.
Монгол Улсын Их Хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол түр завсарлаад, үдээс хойш үргэлжиллээ.
Хөгжлийн банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалж байна | ||
Үзсэн: 439 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.