Шууд Chart

ТББХ: Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолыг батлав

2023-01-19 08:52:24

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9 дэх хэсэгт шийдвэр гаргах эрх бүхий этгээд Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах журмыг тогтоохоор, Монгол УИХ-ын 2022 оны 80 дугаар тогтоолын 2-т уг уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулахаар тус тус заасныг үндэслэн “Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд санал авах зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах нарийвчилсан журмын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулжээ.

Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах журамд Зөвлөлдөх зөвлөл нь зөвлөлдөх уулзалтыг товлосон өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө зөвлөлдөх уулзалт зохион байгуулах талаарх мэдээллийг нийтэд мэдээлэхээр, хэвлэл, мэдээллийн байгууллага төлөөллөө оролцуулах хүсэлтээ зөвлөлдөх уулзалт зохион байгуулахаас ажлын таваас доошгүй өдрийн өмнө УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст бичгээр болон цахимаар ирүүлэхээр, Зөвлөлдөх уулзалтад хөндлөнгийн судлаач, мэргэжилтэн, шинжээч, илтгэгч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг оролцуулах асуудлыг Зөвлөлдөх зөвлөлийн саналыг тусгаж, УИХ-ын Тамгын газар шийдвэрлэхээр тусгажээ. Мөн Зөвлөлдөх санал асуулгын сэдвүүдээр эерэг, сөрөг мэдээллийг тэгш агуулсан лавлагаа, танилцуулгыг УИХ-ын Тамгын газраас томилсон ажлын хэсэг бэлтгэж, уулзалтад оролцох зааварчилгааны хамт зөвлөлдөх уулзалтын өмнө оролцогчдод тарааж өгөхөөр тусгасан байна.

Зөвлөлдөх уулзалтын хоёр дахь шатанд оролцох иргэдийг нэг дэх шатанд оролцсон иргэдээс Үндэсний Статистикийн Хороо санамсаргүй түүврийн аргаар сонгож, 15-аас дээшгүй хүнтэй хэсгүүдэд хуваарилахаар төсөлд тусгажээ.

Хэлэлцүүлгийг нэгдсэн болон хэсгийн хэлэлцүүлгийн хэлбэрээр, сэдэв тус бүрээр явуулах бөгөөд нэгдсэн хэлэлцүүлэгт тухайн сэдвийг сонгосон шалтгаан, үндэслэлийн талаар танилцуулж, түүний дараа хэсгийн хэлэлцүүлгийг явуулах ба хэсгүүд хэлэлцүүлгээсээ сэдвийн хүрээнд тодруулах шаардлагатай нэг асуулт бэлтгэж, нэгдсэн хэлэлцуүлэгт оролцогч хөндлөнгийн судлаач, мэргэжилтэн, шинжээчээс хариулт авах аж.

Дээрх хэлэлцүүлгүүдийн дараа Үндэсний статистикийн хороо Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд авсан санал асуулгын хуудсаар иргэдийн саналыг дахин авах бөгөөд УИХ-ын Тамгын газраас зөвлөлдөх уулзалтын талаарх мэдээллийг УИХ-ын албан ёсны цахим хуудаст тухай бүр байршуулж, олон нийтийг мэдээллээр шуурхай хангахаар төсөлд тусгасан байна.

Журмын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Г.Ганболд нар Зөвлөлдөх санал асуулгын  хоёр дахь шатанд иргэдийг хэрхэн оролцуулах, энэ ажлыг хэрхэн зохион байгуулах талаар тодруулаад, Зөвлөлдөх санал асуулгаас ямар шийдвэр гарах, түүнийг нь УИХ хэлэлцэх эсэх, гарсан шийдвэр хэр эрх зүйн чадамжтай байхыг лавласан. Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу Зөвлөлдөх санал асуулгыг хоёр үе шаттай явуулах ёстой. Эхний үе шатанд Үндэсний статистикийн хорооноос гаргасан аргачлалын дагуу 1570 хүнийг тохиолдлын түүврийн аргаар сонгож, мэдээлэлгүйгээр бэлтгэгдсэн санал асуултаар мэдээлэл авна. Дараа нь мэдээлэл авсан 1570 хүнээсээ өөрсдийнх саналыг үндэслэж, бас санамсаргүй түүврийн аргаар 50 хүртэл хувийг нь сонгоод Улаанбаатар хотод урьж мэдээлэл өгөн, санал асуулгын хуудсаар санал авч Үндэсний статистикийн хороо нэгдсэн тайлан гаргана. Тэр тайланг үндэслэж Зөвлөлдөх зөвлөл УИХ-д зөвлөмж хүргүүлнэ. Зөвлөмжийг хуульд заасан зохицуулалтын дагуу УИХ бүрэн эрхийнхээ хэмжээнд шийдвэрлэх бололцоотой гэж ойлгож байгаа гэсэн хариулт өглөө.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа.


ТББХ: Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах журам батлах тухай Байнгын хорооны тогтоолыг батлав  
Үзсэн: 411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй