Шууд Chart

Зөвлөлдөх зөвлөлөөс боловсруулсан санал асуулгын асуулттай танилцан, санал өглөө

2023-01-19 08:54:20

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Зөвлөлдөх зөвлөлөөс боловсруулсан санал асуулгын асуулттай танилцах, санал авах асуудлыг хэлэлцэв.

Зөвлөлдөх зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар тус зөвлөлөөс боловсруулсан санал асуулгын асуултын талаар танилцуулсан. Тэрбээр, УИХ-ын 80 дугаар тогтоолоор “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тогтоолд заасны дагуу “Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал, гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл, нийгмийн зөвшилцөл” сэдэвт чуулга уулзалтыг 01 дүгээр сарын 4, 11-ний өдрүүдэд зохион байгуулсан. Энэ арга хэмжээнд 700 орчим хүн оролцсон. Зөвлөлдөх зөвлөл 01 дүгээр сарын зургааны өдөр албан ёсоор байгуулагдсанаас хойш хоёр удаагийн өргөн хүрээтэй зохион байгуулсан хэлэлцүүлгээс гарсан саналууд, хуульд заасны дагуу иргэний нийгмийн байгууллагуудаас нээлттэйгээр цахим хуудсаар авсан саналууддаа анализ хийсний үндсэн дээр Зөвлөлдөх санал асуулгын асуултыг боловсрууллаа. Эрдэм шинжилгээ хурлаар дөрвөн үндсэн сэдвээр ярилцаж, 231 санал гарч 40 гол асуудлыг хөндсөн. 600 гаруй төлөөлөл оролцсон чуулга уулзалтын үеэр 358 санал гарч, 31 асуудал багц асуудал хөндсөн. Цахимаар 130-аад иргэн, байгууллагуудаас 500 шахам санал ирсэн байгаа. Эдгээр бүх саналыг шүүж үзээд, Зөвлөлдөх зөвлөлийн хурлаараа таван багц асуудлыг санал асуулгад тусгая гэж шийдвэрлэн, таван багц 60 орчим асуултыг боловсрууллаа. Социологи, статитикийн шинжлэх ухааны аргачлалаар иргэдэд ойлгомжтой, хоёрдмол утгагүй асуултуудыг тавих ёстой гэж үзэн асуултуудыг боловсруулсан. Тайлан дээр үндэслэн зөвлөмж гарах учраас бид асуултуудаа дэлгэрэнгүй, хялбаршуулсан агуулгатай хийхийг хичээсэн гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүдийн зүгээс асуултууд санал асуулгад оролцогчдыг хөтөлсөн, чиглүүлсэн маягтай байгааг анхаарах нь зүйтэй гээд асуултыг цөөлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүд Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд богино хугацаанд ажиллахдаа  олон санал, асуудлуудтай тулгарсныг ойлгож байна гээд асуултаа боловсруулахдаа гол асуудалд төвлөрч, дэд ажлын хэсгүүдтэй нягт хамтарч ажиллахыг хүссэн. Эцэст нь Байнгын хорооны дарга Зөвлөлдөх зөвлөлд асуултаа боловсруулахдаа анхаарах асуудлын талаар чиглэл өгснөөр хэлэлцүүлэг өндөрлөв.

 


Зөвлөлдөх зөвлөлөөс боловсруулсан санал асуулгын асуулттай танилцан, санал өглөө  
Үзсэн: 298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй