Шууд Chart

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв

2023-01-19 15:20:24

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны эхэнд Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хуулийн төсөлд дотоодын цэргийн байгууллага гэдгийг төрийн цэргийн байгууллага гэж тодорхойлсныг тодруулав. Хууль санаачлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өгсөн тайлбартаа, дотоодын цэргийн байгууллагыг төрийн цэргийн байгууллагын ангилалд оруулсан, уг зохицуулалтыг Дотоодын цэргийн тухай хуульд оруулж байгаа гэлээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-д Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ гэж заасныг хуралдаан даргалагч танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх, санал хэлэх гишүүн байгаагүй бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу анхны хэлэлцүүлгээр нь эцэслэн батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв  
Үзсэн: 308 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй