Шууд Chart

“Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2023-01-19 20:08:12

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар төслийн талаар, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Х Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.

Цар тахлын хэтийн төлөв болон олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засаг, худалдааны хоригуудын үргэлжлэх хугацаа, олон улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл тодорхой бус, нөхцөл байдал богино хугацаанд эрс өөрчлөгдөж байгаа энэ үед ард иргэдийн амьдралд нөлөө үзүүлдэг газрын тосны бүтээгдэхүүн АИ-92 автобензинийн үнийн өсөлтийг бууруулж, тогтвортой байлгах, үнэ өсөхөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулж онцгой журмаар зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт  олгох нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Монгол Улсын Засгийн газар нь “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны зургадугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Төсвийн байнгын хороо 2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа УИХ-ын дээрх тогтоолын төслийг хэлэлцээд, гишүүдийн 58.3 хувийн саналаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын танилцуулга болон Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Төслийн гурав дахь заалтаар “газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн 5” гэж өөрчилж байгаа нь хуурамч шатахуун буюу нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг импортлох таатай нөхцөл бүрдүүлж буй эсэхийг Ц.Идэрбат гишүүн тодрууллаа. 1999 оны тогтоолын хавсралтаар газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татвар 0-5 хувь байсныг энэ удаагийн төслөөр 5 хувь болгон сонголтгүй тогтоож байгаа бөгөөд нефтийн нэмэлт бүтээгдэхүүний импортод оногдуулах гаалийн татварыг нэмэгдүүлж байгаа гэдгийг Ж.Ганбаатар сайд тайлбарласан. УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн асуултад тэрбээр хариулахдаа “92 октантай автобензиний импортын гаалийн татварыг Засгийн газар тогтоох эрхийг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олгохоор тогтоолын төсөлд тусгасан байгаа. Олон улсын зах зээл дээр газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний огцом өөрчлөлт гарахгүй бол 92 октантай автобензиний дотоодын зах зээл дээрх одоогийн ханшийг дээрх хугацаанд тогтвортой байлгах зорилт тавьж байна” гэлээ. С.Чинзориг гишүүн дизель түлшний үнийг тогтвортой байлгахтай холбоотой арга хэмжээг Засгийн газраас авч ажиллах шаардлагын талаар санал хэлэв. Засгийн газрын зүгээс дизель түлшний тогтвортой нийлүүлэлт, үнийн асуудалд онцгой анхаарал хандуулан, шат шатандаа арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Г.Ганболд, Х.Ганхуяг, Ц.Анандбазар нар асуулт асууж, үг хэлэн байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын 43 гишүүний 60.5 хувь нь “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.


“Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ  
Үзсэн: 335 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй