Шууд Chart

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр боллоо

2023-01-19 20:19:25

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг нар тус тус танилцуулав.

Төмөр замын тээврийн тухай хуулийг 2007 онд анх баталсан. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт гарсан олон өөрчлөлттэй холбоотойгоор уг хуулийг үндсээр өөрчлөх шаардлага үүссэн гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцлоод сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо өссөн бөгөөд 2010 оны байдлаар суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч 1 байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч 4, тээвэрлэгч 4, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болсон гэж байлаа.

Мөн 2022 онд үндэсний төмөр замын сүлжээний урт 2964 километр болж, 40 гаруй хувиар нэмэгдсэн. Тухайлбал, Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуун сухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 876 километр төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажил дуусаж, төмөр замаар хийх экспортын хоёр болон гуравдагч гарцуудтай болсон. Цаашид ч зүүн болон баруун, босоо тэнхлэгийн төмөр замуудыг барьж төмөр замын сүлжээ өргөжих төлөвтэй байгаа гэлээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 11 бүлэг, 49 зүйлтэй бөгөөд төслийн гол зорилт нь төмөр замын тээврийн суурь бүтцийг шинээр барих, өргөтгөх, хөдлөх бүрэлдэхүүний өмчлөх, ашиглах, зорчигч, ачаа тээвэрлэх, тээврийн аюулгүй байдлыг хангах, ажилтны нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн гэдгийг С.Бямбацогт сайд танилцуулгадаа дурдсан.  

Хууль батлагдсанаар төмөр замын тээвэрлэлттэй холбоотой суурь харилцаа илүү тодорхой, оновчтой болж, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчийн тэгш оролцоог хангаж, суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, засвар үйлчилгээ сайжирч хөрөнгө оруулалт, тээврийн үр ашиг нэмэгдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ.

Эдийн засгийн байнгын хороо 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулж байлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.0 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн байна.


Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр боллоо  
Үзсэн: 583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй