Шууд Chart

Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2023-01-19 20:28:16

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжсэн юм.

Төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нар тус тус танилцууллаа.

Дэлхийн жишгээр бооцоот морин уралдаан нь тодорхой хяналттайгаар эрхлэхийг зөвшөөрдөг мөрийтэй тоглоомын нэг төрөл бөгөөд улс орнуудын онцлогоос хамааран энэ төрлийн үйл ажиллагааг ашгийн болон ашгийн бус загвараар явуулдаг байна. Ашгийн бус загвар нь Хонгконг, Солонгос, Японд төрийн байгууллагын дэргэд, төрөөс тусгайлан нэг этгээдэд олгосон эрхийн доор энэ төрлийн үйл ажиллагааг явуулах бөгөөд харьцангуй өндөр татвар тогтоодог байна. Харин Америкийн Нэгдсэн Улс, Их Британи зэрэг улсад ашгийн загвартай бөгөөд морин тойруулга нь хувийн өмчид байхаас гадна ашиг олох зорилготой үйл ажиллагаа гэж үзэх тул бизнесийн орчин харьцангуй чөлөөтэй, татварын хувь хэмжээ бага байдаг аж.

Монгол Улсын тухайд бооцоот морин уралдааныг хууль ёсоор, хариуцлагатай эрхлэх боломжийг бий болгох үүднээс энэ төрлийн үйл ажиллагааг ашгийн бус загвараар явуулахаар хуулийн төсөлд бооцоот морин уралдааны үйл ажиллагаа эрхлэх нийтийн эрх зүйн этгээд буюу “Монголын морин уралдааны холбоо”-г хуулиар байгуулж, түүний чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоожээ. Бооцоот морин уралдааныг олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, аюулгүй байдлыг хангасан, зориулалтын тоног төхөөрөмж бүхий морин тойруулгын цогцолборт зохион байгуулахаар заасан бөгөөд морин тойруулгын ажилтан нь энэ төрлийн үйл ажиллагаанд бэлтгэгдсэн байхаар тусгасан гэв. Бооцоот морин уралдааны үйл ажиллагаанд дагаж мөрдөх “морин тойруулгын дүрэм”, “бооцоот уралдаан зохион байгуулах, бооцоо тавих, бооцоог тооцоолох, хуваарилах дүрэм, аргачлал”, “бооцоот морин уралдааны ёс зүйн дүрэм” зэрэг холбогдох дүрэм, аргачлалыг холбоо батлахаар заасан бөгөөд бооцоот уралдаанд уралдах морьдын ангилал, уралдааны төрөл, хэлбэрийг “бооцоот морин тойруулгын дүрэм”-ээр тогтоохоор тусгасан.

Түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс бооцоот морин уралдааны морийг уралдааны чадвар, дадлыг эзэмшүүлэх коллеж төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий 18 насанд хүрсэн хүн унах бөгөөд тухайн шаардлагыг хангаагүй хүнээр бооцоот уралдааны морь унуулахыг хориглосон. Мөн бооцоот уралдаанд Холбооны гишүүнчлэлтэй уяач морин тойруулгын дүрмийн дагуу морио уралдуулах боломжтой бөгөөд Холбооны гишүүнчлэлийн нөхцөл, шаардлага, хураамжийн хэмжээг Холбооны дүрмээр тогтооно. Бооцоот уралдаанд цугларсан нийт орлогын 60-аас доошгүй хувийг оролцогчдын бооцооны хонжвор, түрүүлсэн болон шагналт байранд орсон морины уяач, унаачийн шагналд олгохоор заасан байна.

Татварын хувьд бооцооны нийт орлогоос хонжворт олгосон дүнг хассан дүнгийн 60 хувиар онцгой албан татвар ногдуулах тул давхардуулан аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй байх зарчмыг баримталсан бөгөөд тоглогчийн хонжворын орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй байхаар тус тус тусгажээ.

Мөн холбооны төлсөн онцгой албан татвараас төвлөрүүлсэн орлогын тодорхой хувийг Аялал жуулчлалыг хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр тусгасан гэж төслийн танилцуулгад дурдсан байлаа.

Энэхүү хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа явуулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61.5 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Х.Ганхуяг, Д.Сарангэрэл, Г.Ганболд, Ж.Батжаргал нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн байна.


Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв  
Үзсэн: 487 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй