
УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
УИХ-ын Төсвийн байнгын хороо 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин танилцуулсан юм.
Тэрбээр танилцуулгадаа, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар нар тогтоолын төслийн 3 дахь заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн уг заалт дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн заалт хоорондын уялдааг хангуулах зорилгоор УИХ-ын гишүүн Ж.Батжаргал тогтоолын төслийн 2 дахь заалтыг хасах, 4,5 дахь заалтыг өөрчлөн найруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг дурдав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Төсвийн байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.
Мөн хуралдаан даргалагчийн зүгээс төслийн 5 дахь заалтыг “Энэ тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” гэж өөрчлөн найруулах саналын хугацааг эргэн харах шаардлагатай гэж үзсэн тул гүйцээн боловсруулах чиглэл өглөө.
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Анужин танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэнийг онцлоод УИХ-ын гишүүн Б.Энх Амгалан, Э.Бат- Амгалан, Д.Цогтбаатар нар хууль хоорондын уялдааг хангах, давхцал, хийдлийг арилгах, хэл найруулга, хууль зүйн техникийн засварыг тусгасан зарчмын зөрүүтэй саналуудыг тус тус гаргаж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг онцлов.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.
Иймд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалтыг явуулсны дараа хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ. Ийнхүү чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал дууслаа.
УИХ: Хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв | ||
Үзсэн: 330 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.