![](/uploads/202301/news/thumb/ce772d863df5816bce420921cf8d1f54_x3.jpg)
Налайх дүүргийн иргэд, оршин суугчдын хүсэлтийн дагуу тулгамдаад буй асуудлуудыг хэлэлцэх, сонирхсон асуултад нь хариулт, мэдээлэл өгөхөөр нийслэлийн холбогдох албаныхан тус дүүргийн иргэдтэй уулзлаа.
Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Нэргүй, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, НЗДТГ-ын Хөгжийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд болон тус дүүргийн холбогдох албан тушаалтнууд уулзалт, хэлэлцүүлэгт оролцон, иргэдийн асуултад хариулт өгсөн юм. Налайх дүүргийн хувьд 40 мянган хүн амтай бөгөөд иргэд агаарын бохирдол, нийтийн тээврийн хүртээмж, хот байгуулалт, газар зохион байгуулалт, тохижилт үйлчилгээтэй холбоотой асуудлыг хөндөж байв.
Тус уулзалтыг санаачлан зохион байгуулсан НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Нэргүй “Нийслэлийн алслагдсан гурван дүүрэг дундаас Налайх онцлог ихтэй. Социализмын үед ажиллаж байсан их уурхай, шохойн завод, шилний үйлдвэр зэрэг нь татан буугдан, томоохон аж ахуй нэгжгүй болж, ажлын байр хомс болсон. Үүнээс үүдэн иргэдийн амьдралын түвшин буурсан. Нийслэлээс ямар бодлого баримталж алслагдсан дүүргүүдээ хөгжүүлэх вэ, дагуул хотуудаа хэрхэн байгуулах вэ, нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахад ямар дэмжлэг үзүүлж болох вэ гэхчлэн олон асуудлаар иргэдтэй ярилцаж байна. 2022 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн хороодын дундах хоёр авто замыг бүтээн байгуулсан. Тус дүүрэгт 2017 оноос хойш нэлээдгүй хөрөнгө оруулалтын ажил хийж байгаа. Цаашид хийх ажил ч олон байна. Ялангуяа нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй “Голомт” цогцолбор сургуулийн барилгын ажил бий. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй байруудыг дахин төлөвлөлтөд оруулах, 26, 27 дугаар байрыг ашиглалтад оруулах, гэр хорооллыг инженерийн шугам, сүлжээнд холбох гэхчлэн ажлуудыг хийж гүйцэтгэх шаардлагатай байна. Эдгээр ажлыг 2013 оноос хойш төлөвлөн хийж байгаа ч суурь хөрөнгө муутайгаас шалтгаалж олон жил дамнаж, өдийг болтол ашиглалтад ороогүй юм. Тиймээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, олон улсын байгууллагуудын тусламж, дэмжлэгтэйгээр эдгээрийг бүрэн гүйцэтгэх, иргэдийн өмнө тулгамдаад буй асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна” хэмээсэн юм.
Налайх дүүргийн иргэдийн хүсэлтээр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа | ||
Үзсэн: 277 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.