Шууд Chart

“Мон алтиус” 25 нас хүрлээ

2023-01-23 10:08:07

“Ирээдүйн алдартнууд эндээс төрнө” уриатай “Мон Алтиус” биеийн тамирын дээд сургууль өнөөдөр 25 жилийн ойн баяраа үе үеийн төгсөгч, багш нарын хамт тэмдэглэлээ.

Монгол Улсын гавьяат тамирчин Д.Намжилмаагийн үүсгэн байгуулсан “Мон Алтиус” коллеж өдгөө дээд сургууль болон өргөжин тэлж, спортын салбарын шилдэг боловсон хүчнүүдийг төрүүлэн гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

Хүндэтгэлийн ёслолын үеэр сургуулийн захирал М.Өсөхбаяр “Анх цэцэрлэгийн байранд гурван багш, 100 хүрэхгүй оюутантай үйл ажиллагаагаа эхэлж байсан сургууль маань өдгөө 600 гаруй оюутан, 2000 гаруй төгсөгчтэй, сургуулийн байр, дотуур байртай, ахлах сургууль болон спортын клуб, академитай болсон бахдам амжилтаар 25 жилийн ойгоо угтаж байна” гэсэн юм.

Энэ үеэр спорт, олимпизмыг хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн тус сургуулийн зарим багш ажилтнуудыг МҮОХ-ны шагналаар шагнаж урамшуулав.

Тухайлбал, МҮОХ-ны Алтан медалиар “Мон Алтиус” сургуулийн бодибилдингийн багш, спортын мастер, магистр М.Ганболд, сэтгэл судлалын багш, докторант Б.Балжинням, ОУХМ А.Мөнхбаясгалан нарыг,

МҮОХ-ны “Алтан очир” одонгоор спортын түүхийн багш, спортын мастер, докторант С.Оюунтуяа, бодибилдингийн багш, магистр Н.Батбаяр нарыг шагналаа.

Шагналыг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар гардуулж өгөв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Мон алтиус” 25 нас хүрлээ  
Үзсэн: 386 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй