Шууд Chart

Залуучуудын өвлийн олимпын медалийн загвар гаргах уралдаан зарлалаа

2023-02-06 08:17:44

“Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын медалийн загвар гаргах уралдаан өчигдрөөс албан ёсоор эхэллээ. Шалгаруулалт ирэх гуравдугаар сарын 8-нд хаагдах бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хүссэн бүхэн оролцох боломжтой.

Гэхдээ уралдаанд оролцогчид медалийн зөвхөн нүүрэн хэсгийн загварыг гаргах бөгөөд ар талын загварыг зохион байгуулагчид өөрсдөө гаргах юм.

Уралдааны ялагчид залуучуудын өвлийн олимпын уралдаан тэмцээн, нээлтийн ёслолыг үзэх эрх, бусад шагналаас гадна медалийн багцыг бэлэг болгон гардуулах болно.

Хоёр, гуравдугаар байрт орсон загваруудад ч мөн шагнал гардуулах аж.

Залуучуудын олимпын наадмын медалийн загвар бүтээх уралдаан “Сингапур-2010” олимпоос эхлэлтэй. Үүнээс хойш залуучуудын олимп бүрт энэхүү уралдааныг зарлах болсон юм.

“Лозанн-2020” олимпын загварын ялагч Закеа Пейж энэ удаагийн шалгаруулалтын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан байна.

Шинэ Зеландын зураач, зохион бүтээгч тэрбээр уралдааны оролцогчдод дараах зөвлөгөөг өгчээ. “Олимпын хөдөлгөөн, олимпын үнэт зүйл, зохион байгуулагч орон, хотын талаар маш их судалгаа хийгээрэй. Өмнөх наадмуудын медалийн загвараас өөр загвар гаргахыг хичээх хэрэгтэй. Миний хувьд Дэлхийн цомын тэмцээнүүд, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын медалийн загваруудыг их судалсан. Ингээд өөрийн алсын харааг бий болгосны үндсэн дээр загвараа гаргасан” хэмээн Пейж өгүүлжээ.

Залуучуудын өвлийн IV олимпын наадам 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд БНСУ-ын Канвонд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Залуучуудын өвлийн олимпын медалийн загвар гаргах уралдаан зарлалаа  
Үзсэн: 309 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй