Шууд Chart

Нийслэлийн хэмжээнд сургуулийн хүүхдүүдийн ирц 88.3, цэцэрлэгийнх 76.3 хувьтай байна

2023-02-13 13:23:56

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр болж, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө удирдан явуулав.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга есөн чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 86.7 хувьтай байсныг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулаа.

Тухайлбал, Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа болон ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байгаа холбогдуулан иргэд, хүүхэд, багачуудын амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах ажлуудаа эрчимжүүлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Энэ хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс сэргийлж 120 чиглэлд 240 алба хаагч, явган эргүүлийн 319 чиглэлд 638 алба хаагч хяналт тавин ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд сургуулийн хүүхдүүдийн ирц 88.3, цэцэрлэгийнх 76.3 хувьтай байгаа юм.

Түүнчлэн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх, цаашид урьдчилан сэргийлэх чиглэлээр санал боловсруулж танилцуулах үүрэг өгсөн. Улаанбаатар хотын хэмжээнд 15 эмнэлгийн 2226 орон дээр 1612 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдэд 1274 орон дээр 992 хүүхэд хэвтэн эмчлүүлж орны ачаалал 75.2, үндсэн орны ачааллаас тооцвол 118 хувьтай байна.

Эмнэлгийн хүүхдийн хүлээн авах-яаралтай тусламжийн тасгаар хоногт 1100 гаруй хүүхэд үзүүлж байгаа тул заалны зохион байгуулалтыг хийж, оргил цагаар /18.00-00.00/ нэмэлт эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ажиллуулж, үзлэгийн хүлээгдлийг бууруулжээ. Дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 08:30-17:00 цагийн хооронд, томуугийн амбулаторийг ажлын өдрүүдэд 17:00-21:00, бямба гарагт 11:00-18:00 цагийн хооронд ажиллуулж байна.


Нийслэлийн хэмжээнд сургуулийн хүүхдүүдийн ирц 88.3, цэцэрлэгийнх 76.3 хувьтай байна  
Үзсэн: 404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй