Шууд Chart

Баянгол дүүрэгт “Сургуулийн автобус” төсөл хэрэгжиж эхэллээ

2023-02-15 12:03:09

Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар хамтран “Сургуулийн автобус” төслийг 4 дэх жилдээ хэрэгжүүлж байна. 

Тэгвэл энэхүү төсөл Баянгол дүүрэгт хэрэгжихээр болж, Нийслэлийн боловсролын газраас долоон автобус өгснийг сургуулийн захирлуудад хүлээлгэж өглөө.

Ингэснээр сар шинийн баярын дараагаас эхлэн дээрх автобуснууд 7 чиглэлд гэр-сургууль гэсэн маршрутаар хүүхэд багачуудад үйлчлэхээр болж байна.

Тухайлбал, хүн ам ихээр төвлөрсөн “Алтай хотхон”-оос 73-р сургууль чиглэлд нэг сургуулийн автобус үйлчлэх бол "Эрин хороолол", "Хар хорин", "Өнөр" хорооллоос Эрдмийн өргөө сургуульд сурдаг сурагчдад нэг автобус үйлчилнэ.

Мөн дүүргийн гэр хорооллын хороод буюу нийтийн тээврийн автобус явдаггүй 9, 10, 21, 22, 23 дугаар хорооны сурагчид маань эцэг, эх, асран хамгаалагчгүйгээр гэр-сургууль гэсэн чиглэлээр сургуулийн автобусаар үйлчлүүлэх боломж бүрдэж байна.

Манай дүүргийн хувьд байшин хороолол зонхилсон төвийн дүүрэг бөгөөд хамран сурах тойрог зэргийг харгалзан өмнө нь энэ төсөл хараахан хэрэгжээгүй байсан юм.

Улмаар сурагчдын аюулгүй зорчих эрхийг хангах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зэрэг зайлшгүй тулгамдаж байгаа олон асуудлын хүрээнд Нийслэлийн боловсролын байгууллага болон холбогдох бусад газруудад хүсэлт тавьснаар “Сургуулийн автобус” төсөл манай дүүрэгт хэрэгжихээр болж байна.

Мөн дээрх чиглэлүүдэд судалгаа хийхэд 11 сургуулийн 4900 гаруй сурагч нийтийн тээвэр болон бусад тээврийн хэрэгслээр гэр-сургууль чиглэлд зорчдог. Үүнээс хичээлийн 1, 2 дугаар ээлжид бага ангийн 2250, дунд ангийн 1800 гаруй сурагч зорчиж байна гэсэн судалгаа гарсан юм.


Баянгол дүүрэгт “Сургуулийн автобус” төсөл хэрэгжиж эхэллээ  
Үзсэн: 552 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй