Шууд Chart

Аливаа тэмдэглэлт өдрийг хөлчүүрхэн өнгөрөөдөг нь монгол ёс уу

2014-07-18 10:41:05

Баяр наадмын ширээний гол идээ ундаа тань юу байсан бэ гэж таниас асууя. Олонх нь айраг гэх ч архи, пиво гэж хариулах нь цөөнгүй байх. Ер нь баяр ёслол, аливаа тэмдэглэлт өдрүүдийг монголчууд хөлчүүрхэн өнгөрөөдөг нь нууц биш. Өнөө жилийн баяр наадам харьцангуй тайван байсан гэх ч Сүхбаатар аймагт гурван хүн архины хордлогын шинжтэй нас барсан хэрэг гарчээ. Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Баян-Эрч” ХХК-ийн нүүрсний уурхайн хамгаалалтын албаны ажилтан 22, 32, 62 настай гурван хүн архины хорлогын шинжтэй нас барж, 18 настай нэг хүний биеийн байдал хүнд байгаа юм. Ийм мэдээллийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар 2014 оны долоодугаар сарын 13-ны өдөр хүлээн авч нас барагсдын уусан гэх, хятад ажилчдын гал тогоонд халуун тогооны гал гаргахад ашигладаг бага зэргийн цэнхэр туяатай шингэнээс авсан дээжийг 2014 оны долоодугаар сарын 15-ны өдрийн 21.00 цагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжилсэн байна. Шинжилгээний дүнгээр метанолын агууламж өндөртэй хүнсний зориулалтын бус спирт болох нь тогтоогджээ. Өмнө ч уксус, эмнэлгийн зориулалт бүхий спиртийг архитай андуурч ууснаас болж амь насаа алдаж байсан тохиолдол бий юм. Харамсалтай эдгээр хэргээс олон хүн сэрэмжтэй байх хэрэгтэй гэдгийг ойлгоно гэж найдъя.   

 Архины хордлогоор өнгөрсөн хоёрдугаар сард дөрвөн хүн амь насаа алдсан хэрэг мөн гарч байсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн шалгалтаар согтууруулах ундааны үйлдвэрүүдийн 60 гаруй хувь нь магадлан итгэмжлэгдээгүй лабораторитой, шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээ зах зээлээс буцааж татан авах журмыг хэрэгжүүлдэггүй, гарал, үүсэл нь тодорхойгүй, хуурамч, стандартын шаардлага хангаагүй архи худалдсан зөрчил илэрсэн байдаг. Архи, согтууруулах ундааны хэрэглээ газар авч, хэдэн алтан амийг авч одоод байгааг нэг бүрчлэн хэлбэл цочирдмоор тоо гарах тул цөөн жишээ дурдъя.   

“Памперстай” архичин олширлоо

13 настай хүү архинд хордож амиа алдсан хэрэг гарч байсан билээ. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр хүүгийн цуснаас их хэмжээний спирт илэрсэн байдаг. Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн зарим нь архинд донтож, амь насаа алдаж эхлэв. Телевизийн дэлгэцээр архи уусан жаалууд агсам тавих нь байдаг л үзэгдэл мэт болжээ.  

-Ахын дүү яагаад машины бүтээлэг хулгайлсан юм бэ. Чи хулгайлсан нь үнэн юм уу?

-Тэгсээн. Би авсаан.

-Миний дүү согтуу байгаа юм уу даа?

-Тэгсээн. Би уусаан.

-Чи хэдэн настай вэ?

-15. Үгүй ээ сая 16 хүрсэн.

-Тэгээд төрсөн өдрөө тэмдэглээ юу?

-Тийм ээ. Найзуудтай тааралдаад архи уусан. 

“Би энэ дашрамд ээждээ үг хэлэхийг хүсч байна. Ээж ээ би таньдаа гомдоогүй шүү. Хүүгээ уучлаарай. Миний ээж ээ, миний ах аа, миний эгч ээ би та нартаа хайртай шүү” гэж нэгэн хүү телевизийн дэлгэцээр уйлан байж агсамнасныг хүмүүс мартаагүй байх. Хүү өөрийгөө 16 нас хүрсэн гэх ч хэлсэн наснаасаа дүү гэдгийг нь хэн ч гадарламаар ажээ. Зурагтаараа энэ мэдээг үзсэн хүний дотор эрх биш нэг зүйл бодогдоо байлгүй. Дүүгээс минь ялгаагүй жаахан хүүхэд алийгаа мэдэхээ байтал согтуу явна гэдэг миний хувьд хамгийн том эмгэнэл. Зөвхөн миний хувьд ч биш, монгол эцэг эх, ах, эгч нарын, монгол хүн бүрийн эмгэнэл. Томчууд л муу байснаас, хойч үедээ үлгэр дууриал болж чадаагүйгээс тэд ийн бор дарсанд толгойгоо мэдүүлсэн байж таараа. Хүүхэд гэдэг томчуудаас үлгэрлэж, тэдний хийсэн үйлдэл, хэлэх үгийг нь даган дууриадаг “амьтад”. Хаа сайгүй тасраад уначихсан архичид, хулгай хийж архи, тамхины мөнгөтэй залгадаг гэх халаасны бүлэглэл, төрсөн өдрөөрөө тасартлаа уудаг өнөө цагийн “Монгол заншил” гээд томчуудаас үлгэрлэх зан хүүхдүүдэд мундахгүй.

22 настай эмэгтэй архины хамааралтай болжээ. Архинд донтох өвчин туссан хүн доод тал нь найман жил тасралтгүй архи хэрэглэсэн байдаг аж. Тэгвэл энэ эмэгтэй 14 настайгаасаа архи хэрэглэж эхэлсэн гэсэн үг. Мөн 12-16 насны хүүхдүүдийн дунд судалгаа явуулахад зургаан хувь нь архийг согтотлоо ууж, 54 хувь нь амсаж байсан гэж хариулжээ. Санал асуулгад оролцсон хүүхдүүдийн 60 хувь нь архитай ямар нэгэн байдлаар холбогдож байсан гэжээ. Энэ бүхнээс үзвэл Монголд “Памперстай” архичины тоо нэмэгдэх хандлага ашиглагдаж буй юм. Уг нь энэ хорвоод хүн болж мэндэлж, нас нэмсний баяраа хамгийн сайхан гэгээлгээр тэмдэглэх учиртай. Гэвч эхийн цагаан сүүгээр амласан энэ өдрөө хүүхэд, хөгшидгүй ухаан санаа мансууруулдаг хар усаар “чимдэг” болж. Одоо бүр Баасан ахын төрсөн өдөр, Бямба эгчийн мэндэлсэн гараг гэж цоллож байгаад л нийтээрээ архиддаг гутамшигтай явдал нүүрлээд байна. Аливаа тэмдэглэлт өдрүүдийг хөлчүүрхэн өнгөрөөдөг нь монгол ёс уу. Эсвэл...   

 Минийх гэж өмчилдөг бүхнээ аливаа согтуурлаас хамгаалъя

Монголчуудын цагаан архинд толгойгоо мэдүүлж, бурантагтай тэмээ шиг хөтлүүлэх болсон нь их энгийн. Нөгөө л бусдыг сармагчин лугаа адил дууриадаг зантай нь холбоотой гэж болно. 1935 оны хавар Сталин архи үйлдвэрлэлтийг нам төр удирдана гэж мэдэгдээд 1936 онд спирт, архины үйлдвэрийг улсын монополь болгосон байна. Ингээд 1936 онд анхны “водка” цагаан архи үйлдвэрлэгджээ. Харин монголчуудын хувьд яг л орос “ах нар”-ынхаа заасан замаар урагшилсан байх юм. “Ах нар” нь ч дүү нарынхаа нүдийг нээж, 1945 онд найрамдлын төмөр зам ашиглалтад ороход “идээнийхээ дээж”-ээс илгээжээ. Тэр үед галт тэрэгний толгойд Сталины зургийг хадчихсан зургаан том цүдгэр поошигтой спирт манай оронд орж ирж байсныг өнөөдөр ярих хүн ч байна. Монголчууд хараахан стаканаар архи ууж, талх урж иддэг орос занд суралцаагүй байж. Ингээд 1973 он хүртэл Зүүнхараад спиртийн ганц үйлдвэр байв. Энэ үед ч өнөөдрийнх шиг архидалт байсангүй. Өнөөдөр Монгол Улсад спиртийн ес, архины 57, шар айргийн ес, дарсны 10, нийт 95 үйлдвэр тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Дотоодын үйлдвэрлэл дээр импортын архи, согтууруулах ундааг нэмэхээр цочирдмоор тоо гарч байгаа биз. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийн хамгийн их архи хэрэглэдэг орнуудыг жагсаасан байна. Энэ жагсаалтыг хуучин ЗХУ-ын харьяаны орнууд тэргүүлжээ. Жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн Молдав улсын нэг хүнд жилд 18 литр цэвэр спирт ногддог гэсэн тооцоо гарсан байна. Хэдийгээр энэ жагсаалтад манай орны нэр дурдагдаагүй ч бидэнд санаа зовох юм бас байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр Монголын нэг иргэнд 40 литр спирт ногддог гэх юм. Хүн амынхаа тооноос хамаарч ийм зөрүү ажиглагдаж байж магад. Гэхдээ л хоёр сая гаруй мянган хүнтэй Монголд согтууруулах ундааны ийм олон үйлдвэр ногдож буй нь дэндүү ахадсан тоо. Хэдэн жилийн өмнө согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас этилийн спиртэд хордож жилд 400 гаруй хүн амиа алдсан гэх тоог Нийслэлийн цагдаагийн газраас өгч байсан. Энхийн цагт амьдарч байж дайны үеийнхээс ч олон хүнээ цаг бусаар алддаг болжээ, монголчууд. Зөвшөөрөлтэй, хуурамч энэ олон архины үйлдвэрүүдээс болж жилд 400 гаруй хүн амиа алдана гэдэг байж боломгүй зүйл. Минийх хэмээн өмчилдөг бүхнээ архидалт, согтуурлаас хамгаалах зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байна.  

Даварсан үйлдвэрүүдийн дархлагдсан эрхийг хязгаарлая

Насанд хүрэгчдийн 10 хувь нь хортой үр дагаварт хүрэх хэмжээнд архи хэрэглэдэг. 22 хувь нь архины донтой болсон нь тогтоогдсон судалгаа ч байна. Үүнээс харахад гурван эрэгтэй тутмын нэг нь архийг маш их уудаг. Эмэгтэйчүүдийн 15-20 хувь нь архи их уудаг гэсэн дүгнэлтэд хүрч болохоор байгаа аж. Мөн дөрвөн томоохон ноцтой хэргийн нэг нь архитай холбоотой үйлдэгддэг байна. Энэ мэт олон баримтаас архины балгийн тухай өгүүлж болно. Гэхдээ монголчууд “архин далай”-д живэх болсныг холоос эрэх хэрэггүй юм. Хүний эрүүл мэндээр тоглож байгаа архины худалдааг хязгаарлах хэрэгтэй байна. Дүүргийн хэмжээнд архи, согтууруулах ундаа борлуулдаг нэг дэлгүүр байхад л хангалттай. Баар, цэнгээний газруудад ч архи худалдан борлуулахыг хязгаарлах нь чухал. Тэгэхгүй болохоор иргэдэд архины хэрэглээгээ хумина гэсэн ойлголт хомс байна. Хүн гэр, ажлаасаа холгүйхэн гараад архийг хэдээр нь л бол хэдээр нь авч байгаа нөхцөлд архидалттай тэмцэх гээд хэчнээн хашгираад ч барахгүй. Монголд хүмүүс архи уухын тулд зовох хэрэгтэй байна. Наанадаж л хол явж, цаг заваа үрж, ажлаа алдаж, өндөр үнэ төлж байж архитай золгодог баймаар юм. Тэгвэл архины хэрэглээ багасах магадлал өндөртэй. Бас хуулиа хэрэгжүүлж, 21-ээс доош насныханд архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглоё. Монголын архи үйлдвэрлэдэг компаниуд архин далайд хэр олон хүн живүүлж дөнгөхөөрөө өрсөлдөж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “TOP-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтаас жишээ татаж болно. Энэ шалгаруулалтаар бол дийлэнхдээ архи, согтууруулах ундаа үйлдвэрлэж, иргэдээ хордуулсан газрууд шалгардаг. Угтаа бол энэ газрууд хүн хордуулсан тул шийтгэл хүлээх ёстой. Гэвч эдгээр газар бараа бүтээгдэхүүний борлуулалт, улсад төлсөн татвар, нийт ажилтны тоо, тухайн жилд шинээр бий болгосон ажлын байр, ниймийн хариуцлага гэсэн үзүүлэлтүүдийг хангаж энэ шагналыг хүртдэг аж. Хэр олон хүн хордуулснаараа ажлаа үнэлүүлдэг гаж тогтолцоог одоо халах хэрэгтэй. Хэрэв дээрх 400 хүн архинд хордож нас бараагүй байсан бол хөдөлмөрийн бүтээмжээрээ архины үйлдвэрүүдийн өгсөн татвараас ч илүү их мөнгө хуримтлуулах байсан ч юм бил үү. Даварсан  үйлдвэрүүдийн дархлагдсан эрхийг хязгаарлах цаг болжээ. Төрийн түшээд нь архины үйлдвэр байгуулаад, тааваараа аж төрдөг Монгол Улсад ард түмэн туршилтын туулай нь болж хувирсаар л байх хэрэг үү. Энэ үйлдвэрүүдийн хордуулсан хүнийг эмчлэхээр жилд тэрбум гаруй төгрөг зарцуулж байна. Ийм байж болно гэж үү.

Авьяасыг архиар тэтгэдэггүй

Монголчууд санаатай болон санамсаргүй байдлаар цөөнгүй хүнийг архичин болгожээ. Олны танил тэр дундаа урлаг, спорт, яруу найрагчдыг энэ хатуу хувь заяа илүү дайрдаг нь үнэн. Амжилт олсон нэгийгээ “Чи үнэхээр авьяастай юм. Чиний авьяасыг биширье” гэх зэргээр хөөргөн архичин болгодог. Хаана ч “100 татаад архичин болчихов л гэж” хэмээн өөрийгөө өмөөрч яваа хүмүүс байгааг ч үгүйсгэхгүй. Мөн хэдэн гэр бүлд архинаас үүдэлтэй хэрүүл гарч, хэчнээн нь салж, хэдэн хүүхэд энэ хороос болж өнчирч байгааг, мөн хэд нь архинаас үүдэлтэй “аав”-ын хаалга татаж, хэд нь энэ хороос үүдэлтэйгээр амь насаа алдсан гэх тодорхой тоо алга. Энэ тоог нарийвчлан гаргах боломж ч хомс юм. Дээхнэ үеийн уран бүтээлчид ярьдаг даа. Кинонд сайн тоглож олны танил болоход хүмүүс хаа тааралдсан газраа танимхайрч, архи барин гүйлдсээр хэн ч биш болгодог байсан тухай хуучилдаг. Ийм жишээнүүдийг дурдвал урт жагсаалт гарна. Бидний дунд “Алтан үеийнхэн” хэмээн хүндлэгддэг сайхан уран бүтээлчид ч энэ ээдрээт замыг туулж, амьдралаа там болгож байсан жишээ бий. Овоо цовоо цолгиун яваа, амжилт дагуулсан, өсөх чадвартай залуусыг зориудаар архинд оруулж, замаасаа зайлуулах явдал байдаг тухай хүнээс сонссон юм. Ийнхүү авьяастай хүмүүс бусдад “хорлогдон” авьяасаа мөхөөж байна. Авьяасыг архиар тэтгэж болдоггүйн жишээ энэ. Гэвч архины ил, далд сурталчилгаа хөвөрсөөр буй. Энэ нь залуусыг архины зүг тэмүүлэх сэдлийг улам ихээр өдөөж байхыг үгүйсгэхгүй. Архи, авьяас хоёр нэг саванд багтах учиргүй. Гэтэл энэ хоёрыг заавал хамт байх учиртай мэтээр ойлгодог болчихжээ. Хэнд ч дийлдэшгүй авьяасыг зөвхөн архиар л нухчин дарж болдог учир энэ бусармаг аргыг хүмүүс өнөө ч хэрэглэж буй бололтой юм. Хэн нэгний авьяасыг биширсэндээ хүнийг архинд оруулж болохгүй. Бас хүн авьяастайнхаа төлөө архинд орох ёсгүй шүү дээ. Тэгж л их баяр хүргэж, талархсан сэтгэлээ илэрхийлмээр байгаа бол хүндэтгэж явдаг хүндээ хэлэхийг хүссэн бүх үгээ хэлэхэд л хангалттай биш гэж үү.

 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Аливаа тэмдэглэлт өдрийг хөлчүүрхэн өнгөрөөдөг нь монгол ёс уу   
Үзсэн: 4751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-09-15 17:54
Авьяасыг архиар тэтгэдэггүй
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-07-27 15:09
Arhi uugaad 1-iigee shahaad bdag humuusiig oilgohgui yum. yagaad tiim setgehuitei bolchihson bdiin bol. eruul uhaanaar aliwaa zuild handah heregtei. nz ohinoo arhiar shahaad suuj bdag teneg gartai taarch bilee. heleh ug oldoogui shuuu...
103.9.88.xxx [103.9.88.xxx] 2014-07-25 09:59
Манай монголчууд их сонин сэтгэхүйтэй, дорой ч гэх юм уу. Хэн нэгнээр юм хийлгүүлээд заавал архи өгнө. Зүгээр л баярлалаа гээд хэлчихэд болох байхад заавал архи өгнө. 2-3 найз уулзлаа гэхэд заавал архи ууцгаана. Яагаад архигүйгээр уулзаж болохгүй гэж. Архи л авч уугаад суухаар яриа нь таардаг юм шиг. Зуны цагт хэсэг бүлгээрээ нийлээд агаар салхинд гаръя гэхээр заавал архитай явцгаана. Зарим хүмүүс ээж аав хүүхдүүдтэйгээ салхинд гарахдаа хүртэл архи авч явцгаах юм. Яагаад энэ бүгдэд архи хэрэглэхгүй байж болдоггүй юм бэ. Манай монголчууд ийм л дорой сэтгэхүйтэй. Цусанд нь байгаа энэ сэтгэхүй хэзээ ч арилахгүй
184.57.64.xxx [184.57.64.xxx] 2014-07-20 06:30
good
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-07-19 21:32
arhi uneheer asuudal bolj bgaa ni uneen. taslan zogsooh heregtei....
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-07-18 16:04
Яг үнэндээ ад үзэгдээд байгаа энэ архинд донтсон хүмүүс бол та бидний дундаас л төрсөн.Та чи бид бүгдээрээ тэднийг архинд оруулсан.Айзам хамтлагийн дуунд гардаг шиг Ухаант ээжүүд нь тэднийг архиар угжаагүй нь лавтай. Манайханы хамт олон гээч нийтлэг л эцсийн эцэст нэг нэгнийг архинд оруулссан юм шүү.Олон шалтагт найр наадам л биднийг архинд донтуулж байгаа.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-07-18 12:16
tooj chamtai uuhgui sh dee and. hudlaa medemhiirch gene .........
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-07-18 11:23
Чи өөрөө вино уугаад тасраалд байхаар чинь тэгэхгүй яахын

Бидэнтэй нэгдээрэй