Шууд Chart

МҮОНРТ “Мөрөөдөлд хөтлөх эрүүл Монгол” сантай хамтран ажиллана

2023-03-07 13:19:09

МҮОНРТ  “Мөрөөдөлд хөтлөх эрүүл Монгол” сантай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг арга хэмжээнд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, МҮОНРТ-ийн Стратеги хамтын ажиллагааны газрын захирал З.Бадрал, тус сангийн Ерөнхийлөгч Б.Нарандэлгэр, “Мөрөөдөлд хөтлөх эрүүл Монгол” сангийн бодлого төлөвлөлтийн хэлстийн дарга П.Энхмандах нар байлцав.

Уг санамж бичгийн зорилго нь МҮОНРТ, “Мөрөөдөлд хөтлөх эрүүл Монгол” сан 21  аймаг болон  хилийн  чанадад суугаа Монголчуудад үндэсний өв соёл, соёл урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх ажлыг хамтран зохион байгуулахад оршиж байна.

А.Бүрэнбаатар: Цэцэрлэгийн насныханд үлгэр сонсгох нь радиогийн ирээдүйн сонсогчоо бэлдэж байна гэсэн үг

-Орчин үед Монгол хүүхдүүд гадны соёл, үлгэрээс их суралцдаг болж. Тиймээс бидний энэ ажилд МҮОНР хамгийн их үүрэг оролцоотой ажиллана. Өвөрхангай аймгийн төв болон бүх сумын нийлсэн 20 орчим цэцэрлэгээс бид эхний ажлаа хэрэгжүүлнэ. Дараа нь хүүхдүүд тухайн үлгэрээс юу ойлгож авав, хэрхэн хүлээж авав гэдгийг гар зургийн, зохион бичлэгийн уралдаан зарлаж дүгнэнэ. Харамсалтай нь Монголын радиог сонсох давтамж сүүлийн үед багассан. Энэ нь 2000-аад оноос хойш ашиглалтанд орсон барилгад радиогийн шугам байхаа больсонтой холбоотой юм. Гэхдээ орчин үед хүмүүс гар утасныхаа апплекшн, фэйсбүүкээрээ дамжуулаад хүссэн зүйлсээ радиогоос хүлээн авч байна. МҮОНРТ-ийн ахмад инженер О.Ганхүү радио хүлээн авагч угсарсан. Үүнийг бид олон тоогоор угсарч, хэрэглээнд гаргах төлөвлөгөөтэй байгаа. Ер нь бид тоон радио руу явах зорилт тавьсан. Хэрвээ энэ ажил хэрэгжээд дахин дамжуулах станц шинэчлэгдсэн тохиолдолд радио сонсож байгаа хүн болгон пянз, цомог сонсож байгаа юм шиг чанартайгаар хүлээн авах боломжтой болно. Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд үлгэр хүргэх гэж байгаа минь ирээдүйн сонсогчоо бэлдэж байна гэсэн үг.

Б.Нарандэлгэр: "Үлгэрийн цаг" төслөө бид Өвөрхангай аймгаас эхлүүлнэ

-Манай сангийн хувьд боловсрол болон хүмүүнлэгийн талаар тусгай хэрэгцээт ба хүүхэд залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. МҮОНРТ-тэй хамтран ажиллах гэж байгаа ажил маань “Үлгэрийн цаг” төсөл юм. Энэ ажлаа МҮОНР-д байгаа хуучны сайхан үлгэрүүдийг цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хүргэнэ. Үүнийгээ нийслэл, бүх дүүрэг, аймаг, сумын цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хүргэхээс гадна хилийн чанад хүртэл өргөжүүлнэ. Ингэхдээ МҮОНРТ-ийн апплекшнаар дамжуулна. Тэгэхээр зөвхөн дотоодын биш бусад улсад суугаа Монгол хүүхдүүд сонсох боломж бүрдэх юм. Төслөө энэ сараас Өвөрхангай аймгаас эхлүүлнэ. Гэхдээ эхлээд өмнө нь үлгэр мэддэг байсан уу, үгүй юу гэсэн судалгаа хийнэ. Дараа нь Монгол ахуйтай, ах захаа хүндлэх ёсны, байгаль дэлхийгээ хайрлахын учир шалтгаан зэрэг олон агуулгатай үлгэр явна. МҮОНР-д байгаа 400 орчим үлгэрээс 100-г нь сонгосон. Төсөл үргэлжилж байх үед хүүхдэд хэрхэн өөрчлөлт орж байна вэ, гэр бүлд нь ямар харилцаа үүсч байна вэ зэрэг судалгааг мөн хийнэ. Эцэст нь хүүхдүүд дээрх 100 үлгэрээс алийг нь илүү сонсох дуртай байна вэ гэдгийг нь тодорхойлж, видео контент бэлтгэнэ. Цэцэрлэгүүд тус бүртээ яригч спикертэй. Үүгээрээ хүүхдүүддээ сонсгоно. Мөн МҮОНРТ дотооддоо радио хүлээж авдаг яригч угсарч байгаа юм билээ. Тэгэхээр спикергүй цэцэрлэгийн ангиудад үүнийг ашиглахаар төлөвлөж байна. Үлгэрийн цаг 13:00-13:30-ийн хооронд явагдана. Цэцэрлэгийн хүүхдүүдийн унтлагын цаг 13:00-15:00 цагийн хооронд байдаг учир тохиромжтой үе нь гэж харж байгаа.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОНРТ “Мөрөөдөлд хөтлөх эрүүл Монгол” сантай хамтран ажиллана  
Үзсэн: 616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй