
Наадмын “урт” амралтаа эдэлсэн хүмүүс өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагаас ажилдаа ороод байна. Гэсэн ч наадмын тухай сонин хачны талаарх яриа хөөрөө, шүүмжлэл өнөө ч хөвөрсөөр буй. Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэдээ, мэдээлэл, ярилцлага, фото сурвалжлагыг "Наадам 2014" булангаас унших боломжтой.
Улсын наадам өндөрлөсөн ч аймаг, сумын ой, наадмууд үргэлжилсээр байна. Төрөлх нутгийнхаа ойн наадмыг зорих хүмүүсийн цуваа хөвөрсөөр буй. Энэ сарын 25-26-нд л гэхэд долоон аймгийн наадам болох юм байна. Орон нутгийн наадмын товыг уншигч та ЭНДЭЭС хараарай.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт “Дараалсан гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ аваагүй даатгуулагчийг нэг удаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулж урамшуулах...” гэж заасныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд даатгуулагчдад урамшууллын тусламж, үйлчилгээ үзүүлэх, хамтран ажиллах өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагуудыг уриад байна. Урамшууллын үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллах хүсэлтэй эрүүл мэндийн байгууллагууд ирэх наймдугаар сарын 1-ний дотор холбогдох материалаа бүрдүүлж, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газарт биеэр болон шуудангаар ирүүлж болох гэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын www.ndaatgal.mn цахим хуудаснаас авна уу.
Өнгөрсөн долоо хоногт нийслэлд хоёр томоохон түймэр гарлаа. БГД “Модны 2”-т байрлах Монгол, Солонгосын хамтарсан “МК Интернэйшнэл” компани болон 40 мянгатын 40, 42, 44 дүгээр байранд гал гарсан юм. Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж, галыг унтраасан. Азаар хүний амь нас эрсдээгүй. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаас гал гарсан 40, 42, 44 дүгээр байрны цахилгааны угсралт, мөн галын шатлагад өртсөн дээврийн хийц бүтээцүүдийг цаашид ашиглаж болох эсэхэд мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулж, гал гарсан барилгын дээврийн засварын зардлын эх үүсвэрийг Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэхээр болов.
Монгол эх орныхоо нэрийг дэлхийн олон улс оронд, язгуур урлагаараа дамжуулан цуурайтуулж яваа “Хөсөгтөн” хамтлаг баяр наадмын өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотноо болсон “Мир Сибири-2014” наадамд оролцож Гран-при шагнал хүртжээ. Уг томоохон наадамд 10 гаруй улсын уран бүтээлчид оролцсон байна. Мөн тус хамтлагийн хөөмийч О.Чулуунбаатар дууны төрлөөс алтан медаль хүртсэн бол морин хуурч Б.Батзориг, ятгачин Ч.Амарбаясгалан нар мөнгөн медаль хүртжээ.
Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийг цахимаар олгох журам батлагдсан билээ. Журмыг ЭНДЭЭС уншаарай.
Зарим аймаг, сум, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд малын боом өвчин дэгдээд байна. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд иргэд боом өвчний халдвар авч, эмчлүүлж байгаа. Боом өвчин нь мал, амьтнаас хүнд халдварладаг, хурц халдварт өвчин бөгөөд хүний тунгалгийн зангилааг гэмтээж, хүчтэй хордлого үүсгэдэг. Мал нядлах, үхсэн малын арьс ширийг хуулах, махыг эвдэх болон өвчилсөн, үхсэн мал булсан газрын хөрс шороог ухах, сэндийлэх явцад халдвартай хөрс, шороо зэргээс хүн халдвар авч боомоор өвчилдөг байна. Халдвар авсан хүнд өндөр халуурах, булчирхай хавдах, ихэвчлэн биеийн ил хэсэг нүүр, гарын арьсанд нян орсноос үүсэх улаан цэг, толбо бий болж богино хугацаанд гүвдрүүтэн, цэврүү үүсч улмаар хар тав болох ба хаван үүснэ. Эдгээр шинж тэмдэг илэрвэл хамгийн ойрын эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэйг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа.
Нийслэлийн 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 19-20-ны өдрүүдэд Гачуурт тосгоны “Монгол шилтгээн” цогцолборт “Playtime-2014” амьд хөгжмийн наадам болно. Тус наадмыг үзэх үзэгчдэд зориулан нийтийн тээврийн хэрэгслүүд уртасгасан цагаар ажиллахаар болжээ. "Дүнжингарав" худалдааны төвөөс Гачуурт тосгон чиглэлд “ЭМСИД” болон “Мяралзаа” компанийн долоон автобус иргэдэд үйлчилдэг аж. Жирийн амралтын өдрүүд 45.5 рейс хийдэг бол “Playtime-2014” наадам болох өдрүүдэд 49.5 рейс хийхээр болсон байна.
Энэ сарын 16-ны өдрийн байдлаар Туул голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 11 см нэмэгдэж Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см орчим давсан, Алтанбулаг сум орчимд үерийн түвшинд тус тус хүрээд байна. Хэрлэн голын эх болох Мөнгөнморьт сум болон Багануур дүүрэг, Их Хянганы нурууны Халх гол, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт гол, Хангайн нурууны өврийн Байдраг гол Увс нуурын сав Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-10 см давсан хэвээр байгаа юм. Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулъя.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 3772 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.