Шууд Chart

Газар өмчлөх эрхийг цахимаар олгох ажил ирэх сараас эхэлнэ

2014-07-21 10:56:33

Нийслэлийн 160 орчим мянган иргэнд долоон дүүргийн 52 байршилд 15 мянган га газрыг өмчлүүлэхээр төлөвлөлтийн ажлууд хийгдэж байгаа.

Төлөвлөлтийн дагуу эхний таван байршилд 1524 га газарт 14954 иргэнд газар өмчлүүлэх ажлыг ирэх сарын нэгнээс эхлүүлэхээр болжээ.
 
Эдгээр байршлуудад газар өмчлөх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар журамласан бөгөөд цахим систем нь иргэдийн газар өмчлөх хүсэлт хүлээн авах, хүсэлтийг бүртгэх, хүсэлт гаргасан иргэдийг урьд өмнө гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүйгээр газар өмчилсөн эсэхийг хянан шалгах, хүсэлтийг баталгаажуулах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу өмчлөгдөх газрын нэгж талбар бүрт өмчлөх иргэнийг автомат үйлдлээр сонгох гэсэн үндсэн үйл ажиллагаанаас бүрдэж байгаа юм.
 
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар иргэн нэг л удаа газраа үнэгүй өмчлөн авах эрхтэй юм. Тиймээс нийслэлд газар үнэгүй өмчлүүлэх ажлыг эхлүүлэхдээ хөдөө орон нутгаас иргэдийн газар өмчлөлийн талаарх мэдээллийг нэгтгэн цахим системд суулгаж байгаа юм байна.
 
Одоогоор Сэлэнгэ, Завхан аймгаас мэдээлэл ирээгүй байна. Газрыг шинээр өмчлүүлхэдээ НИТХ-аас баталсан 52 байршил тус бүр дээр Улаанбаатар хотын  хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн төлөвлөт хийж, албан ёсоор хаягжуулж байгаа юм.

Мөн газар өмчлөх өргөдлөө гаргах хүсэлтэй боловч иргэний эрх үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй буюу хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, насанд хүрээгүй хүүхдүүд, интернет сүлжээнд холбогдоогүй зэрэг олон тооны иргэдийг хүсэлт гаргах боломжоор хангах зорилгоор итгэмжлэгдсэн төлөөллөөр дамжуулан хүсэлт гаргах боломжтой бөгөөд байршил тус бүрийн хүсэлт гаргах хугацаа нь хуанлийн 15 хоног байна.

Газар өмчлөлийн цахим систем нь байршил тус бүрд газар өмчлөхөөр хүсэлт ирүүлсэн иргэдээс өмчлөгдөх боломжтой нэгж талбарын тоонд нийцүүлэн иргэдээс автомат үйлдлээр сонголт хийж, газар өмчлөхөөр сонгогдсон, эсхүл сонгогдоогүй талаарх мэдээллийг гар утас болон цахим шуудангийн хаягт илгээх аж.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Газар өмчлөх эрхийг цахимаар олгох ажил ирэх сараас эхэлнэ  
Үзсэн: 1700 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй