Шууд Chart

Азийн танхимын болон тулааны спортын наадмын зохицуулах хорооны хурал болов

2023-03-15 10:46:08

Азийн олимпын зөвлөлийн ерөнхий захирал Хусейн Аль-Муссаллам Азийн танхимын болон тулааны спортын наадмын Зохицуулах хорооны хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Тайландын ард түмэнд хүндэтгэл үзүүлж, хуралдаанаас өндөр үр дүн хүлээж буйгаа илэрхийлэв.

Зохицуулах хорооны хуралд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг оролцсон юм. Ерөнхийлөгч Б.Баттүшиг энэ үеэр Тайландын ҮОХ-ны төлөөлөлтэй уулзаж, ажил хэргийн яриа өрнүүлэв.

Тайландын нийслэл Бангкок хотноо хоёр өдөр үргэлжилсэн уг хурлаар ирэх арваннэгдүгээр сард Бангкок, Чонбури хотуудад болох Азийн танхимын болон тулааны спортын наадмын зохион байгуулалтын хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тухайлбал, наадмын хөтөлбөрт шинээр багтах төрөл, нээлт, хаалтын ёслолын ажиллагаа, төсвийн асуудлыг хэлэлцэв.

Улмаар дэлхий дахинд эрчтэй тархаж, олны сонирхлыг ихээр татаж буй холимог тулааны спортыг наадмын хөтөлбөрт оруулахаар болов.

Хэлэлцүүлгийн төгсгөлд ноён Аль-Муссаллам өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон Зохицуулах хорооны хурлаас хойш бэлтгэл ажилд маш их ахиц гарсныг онцолж, бэлтгэл ажлын тайланд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Азийн танхимын болон тулааны спортын VI наадам 2021 онд зохиогдох ёстой байсан ч цар тахлын улмаас хойшилсоор энэ оны арваннэгдүгээр сарын 17-26-нд явагдахаар болсон.

Наадамд Азийн олимпын зөвлөлийн 45 ҮОХ-ноос гадна Далайн бүсийн Австрали, Шинэ Зеланд тэргүүтэй арав гаруй улс урилгаар оролцох юм.

Монголчууд 2017 онд Туркменистаны Ашгабат хотноо болсон өмнөх наадамд 71 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, 5 алт, 10 мөнгө, 15 хүрэл, нийт 30 медаль хүртэж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Азийн танхимын болон тулааны спортын наадмын зохицуулах хорооны хурал болов  
Үзсэн: 245 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй