Байт харваан спортын 15 дахь удаагийн заалны УАШТ энэ сарын 23-26-ны хооронд Орхон аймагт зохион байгуулагдана.
Байт харвааны заалны тус тэмцээн энэ жил Рекувр болон Компаунд төрлүүдээр U14, U18, U21, насанд хүрэгчид гэсэн ангилалд болно.
Тамирчид “Рекувр” төрөлд ангилал тус бүрт эрэгтэй, эмэгтэй хувийн харваа, багийн харваа, холимог багийн харваагаар өрсөлдөх бол “Компаунд” төрөлд эрэгтэй, эмэгтэй хувийн харваа, эрэгтэй багийн харваа ангиллаар өрсөлдөж, цэц мэргэнээ сорих юм.
Одоогийн байдлаар орон нутаг болон нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг 24 байгууллагын 330 гаруй тамирчин тэмцээнд оролцохоор бүртгүүлээд байна.
Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс харьцангуй олон тамирчин оролцох урьдчилсан статистик гарч байгаа тул Монголын байт харвааны холбооны зүгээс тэмцээний үеэр тамирчиддаа чиглэсэн сургалтыг явуулахаар төлөвлөсөн байна. Тус тэмцээнийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, Монголын байт харвааны холбоо, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын харьяа "Хангарди" спорт цогцолбор, Орхон аймгийн Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулах юм.
Тэмцээний техникийн зөвлөгөөн энэ лхагва гарагийн 17:00 цагт Орхон аймагт болно.
Монголын байт харвааны холбооны Удирдах зөвлөлийн хурал тэмцээний үеэр хуралдана.
Дашрамд дуулгахад, 2022 оны ЗУАШТ-д байгууллагын дүнгээр “Хангарди” клуб алт, “Алдар” спорт хороо мөнгө, Орхон аймгийн баг тамирчид хүрэл медаль хүртэж байв. Мөн хувийн шигшээ харвааны төрөлд Алдар спорт хорооны тамирчин, "Токио-2020" олимпын наадмын оролцогч, ОУХМ Б.Отгонболд, “Хангарди” клубын тамирчин, ОУХМ А.Энхтуяа нар алтан медаль тус тус хүртэж байжээ.
Байт харвааны УАШТ Орхон аймагт болно | ||
Үзсэн: 619 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.