Үүлэн дундаас өндөлзөх цаст богд Сутайн минь үзүүр мянган уулс хүүгээ хүлээсэн ижий мэт наран зүг саравчилсаар хэчнээн ч зуныг үдээ билээ.
Хүлээлт бүрийнх нь тоогоор хүй тасалсан нутаг усандаа зон олон минь тэр бүр золгож очоод байсан нь үгүй л болов уу? Тэд минь энэ жил л Ижий сэтгэлтэй эх уулсдаа очиж энгэр цээжнийхээ нулимсыг суллах нь. Тэд минь энэ жил л Эцгийн ухаан шиг цэлгэр говьдоо очиж өчнөөн жил уушиг цээжийг нь баглаж асан бачуурлаа тайж цэлмэх нь. Тэд минь энэ жил л үгүйлэн үгүйлсээр явсан ураг төрөл, үе тэнгийнхэнтэйгээ уулзаж учрах нь. Юутай сайхан. Ойрд муу ижий минь нулимс цийлэгнэсэн нүдтэй зүүдэнд ирээд байх чинь. Хүүгээ ирнэ гээд хэтэрхий их хүлээгээ юм болов уу даа. Арга ч үгүй биз дээ. Айл айлын хүүхдүүд ирлээ гэж ард олон минь ам булаалдан хуучлаад байхаар битүүхэн дотроо харуулдаж “Хүү чинь ирнэ” гэнээ гэсэн сураг дуулдахгүй болохоор дотогшоогоо чимээгүй эмтэрч, зүүд совингоор минь дамжуулан дотоод сэтгэлээ үрдээ ажуулж буй нь энэ байх.
Хязгаар холын нутагт суугаа хөөрхий муу ижий минь хялганын толгой шаргалтах намраар хүү нь тандаа очно оо. Одоо нутагт минь холын гийчид аяны дөрөө мулталж, хөгшин залуугүй л гэгэлзэн байгаа даа. “90 жилийн ой” гэдэг үг ертөнцийн хамгийн сайхан баяр юм шиг санагдаж эр бүхэн нь морь уяж, наадамд зодоглох гээд л... эм бүхэн нь дээл эсгэж, наадмын гоёлоо зэхээд л... Төрийн тахилтай Сутай хайрхан, төлөв төвшин хэдэн малчид маань Төрийн наадмын шинэхэн цолтноо тосож авах гээд өндөлзөж ядан байгаа даа. Та бүхэн минь дэлгэр сайхан наадаарай. Алдуул нэгэн бодолд Сутай уул минь тодорч аварлын цагаан салхинд тэнцэж боссон унага амгалан шөнөөр цангинатал дэргэд янцгаахад айдас өвөрлөсөн бодол минь нутгаа л түшиж тайтгардаг аа.
Хансүмбэр
Зулай цагаан хайрханаа дэрлээд
Захгүй нутгийн минь зэрэглээ тоголно оо
Зоргоор эрхлэх салхиа тэврээд
Зүйлийн голын минь урсгал урсаж хөөмийлнө өө
Торгон долгионоор бүүвэй аялсан
Тонхил нуурын минь сүлдэн харуул
Хаврын шувуудын хатан уяралтай
Хансүмбэр миний нутгийн минь уул аа
Зүмбэр уулсдаа цацлаа өргөөд
Зүрхний хайлан ижий минь бодогдоно оо
Зөөлөн зөөлөн харц нь үгүйлэгдээд
Зүүд нойронд аав минь ургаж тодорно оо
Торгон долгионоор бүүвэй аялсан
Тонхил нуурын минь сүлдэн харуул
Хаврын шувуудын хатан уяралтай
Хансүмбэр миний нутгийн минь уул аа
Төрийн тахилтай Сутай хайрхандаа
Томоогүй насны минь дурсамж дэлгэрнэ ээ
Тоглож өссөн нөхдөө санахаараа
Тэнгүй сэтгэлийн минь уянга асаж бадарна аа
Торгон долгионоор бүүвэй аялсан
Тонхил нуурын минь сүлдэн харуул
Хаврын шувуудын хатан уяралтай
Хансүмбэр миний нутгийн минь уул аа
Ц.Энхболд
Цаст Сутай минь саравчилна | ||
Үзсэн: 1877 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.