Шууд Chart

Сайд Х.Болорчулуун ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзев тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

2023-03-24 16:28:49

ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзевын Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун уулзалт хийлээ.

Уулзалтаар талууд Монгол Улс, Эрхүү муж хоорондын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн төлөв, цаашдын шинэ боломжуудын талаар санал, мэдээлэл солилцлоо. 

Уулзалтад Эрхүү мужийн Хөдөө аж ахуйн сайд И.П.Сумараков, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Г.Гершун зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцсон. Тус мужийн хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэх компаниудын нэг болох “Белореченское” компанийн зүгээс Монгол Улсад шувууны аж ахуй байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлж, сүүний чиглэлийн сайн үүлдрийн үхэр нийлүүлэх боломжтой болохоо мөн онцлов. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун уулзалтын үеэр Монгол Улсад өрнүүлж буй “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойрын 4 жилийн хугацаанд хүрэхээр зорьж буй зорилт, УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний тухай мэдээлэл өгсөн юм. ОХУ нь хүнсний үйлдвэрлэлийн салбарт арвин туршлагатай тул хамтран ажиллах боломжууд бий болохыг мөн мэдэгдэв. 

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио, цээрт эрүүл бүс” байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, дүрмийн дагуу ажиллах хорио, цээрт эрүүл бүсээс мал, махны экспорт хийх боломж бүрдэх болохыг онцлон тэмдэглэв. 

Эрхүү мужийн аж ахуйн нэгжүүд одоогийн байдлаар Монгол Улсаас адууны мах импортлон авч байгаа бөгөөд цаашид махны импортын хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. 

Эх сурвалж: ХХААХҮЯ


Сайд Х.Болорчулуун ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзев тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа  
Үзсэн: 479 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй