Украинд цөмийн агууламжтай зэвсэг нийлүүлэх гэж байна гэж Оросын Засгийн газар Британийг шүүмжиллээ.
Британийн Батлан хамгаалах яам Украин улсад шавхагдсан уран агуулсан хуяг нэвтлэх сум өгөх гэж байгаагаа даваа гарагт мэдэгдээд байна.
Үүний дараа Оросын Засгийн газар Лондонг Киевт цөмийн агууламжтай зэвсэг өгөх гэж байна гэж мэдэгдээд, Украинд явуулж байгаа довтолгоогоо эрчимжүүлнэ гэсэн байна.
Үүнийг Британийн Засгийн газар, Цагаан ордон хоёр няцааж байна.
Шавхагдсан уран агуулсан хуяг нэвтлэх сумыг АНУ-д Хүйтэн дайны үед Зөвлөлтийн танкуудыг устгах зорилгоор үйлдвэрлэсэн байна. Үүнд агуулагддаг шавхагдсан уран нь цөмийн зэвсэг бүтээхэд шаардлагатай уран баяжуулахад ордог дагалдах эд юм байна. Тиймээс хуяг нэвтлэх энэ сум нь цацраг идэвхт шинж чанартай байна. Гэхдээ цөмийн зэвсгийн хэмжээнд нөлөө үзүүлэхгүй гэж Америкийн судалгааны "РАНД" байгууллагын шинжээч бодлогын судлаач Эдвард Гейст ярьсныг Америкийн хэвлэл мэдээлсэн байна.
АНУ-ын арми 1970-аад онд шавхагдсан урантай, хуяг нэвтлэх сум хийж эхэлсэн байна. Үүнээс хойш тус улс үүнийг танкны бүрдэл хэсэг болгосон байна.
Мөн шавхагдсан ураныг “танкны ангууч” гэгддэг Агаарын цэргийн хүчний "Эй-10" ойрын агаарын довтолгооны онгоцны суманд нэмсэн байна.
ОХУ Украинд цөмийн агууламжтай зэвсэг нийлүүлэх гэж байна гэж Британийг шүүмжиллээ | ||
Үзсэн: 635 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.