Энэ сарын 22-ны өдрийн байдлаар Хэнтэй нурууны баруун хажуугийн Туул, зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Балж, Онон, Хэрлэн болон Орхон гол Өлзийт сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-40 см нэмэгджээ.
Туул голын нийт уртын дагууд болон Балж, Онон, Хэрлэн гол Багануур дүүрэг ба Чойбалсан хот орчимд үерийн түвшинг 10-55 см даван үерлэж байна. Мөн Хангай нурууны өврийн Шаргалжуут, Таац, Алтай нурууны Ховд, Хархираа-Түргэний уулсаас эхтэй Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см давсан байдалтай байгаа бол Ус судлалын харуул Хурх-Өмнөдэлгэр, Барх-Батширээт, Хэрлэн-Мөнгөнморьт, Халх-Баянхошуу орчимд үерийн аюултай түвшинг 10-30 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Мөн түүнчлэн баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг орчимын газар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг зөвлөв.
Голуудын усны түвшин 20-40 см нэмэгдсэн байна | ||
Үзсэн: 885 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.