Шууд Chart

ТБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн хийлээ

2023-04-04 15:52:34

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, төрийн өмчит корпораци болгоход өрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, цаашдаа төрөөс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг дэмжсэн бодлогыг ямар хэлбэрээр дамжуулан явуулахаар болсныг тодруулав.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хариултдаа, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж байгаа. Цаашдаа бүх үйл ажиллагааг “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит компаниар дамжуулан явуулна гэдгийг тодотгоод энэхүү “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд уг сангийн өр, авлага, үндсэн хөрөнгө бүх асуудлыг тухайн компанид шилжүүлэх зохицуулалтыг тусган боловсруулахаар болсон гэлээ.

Мөн Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд нэгдүгээрт, төрийн өмчит компанийн засаглалыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд газар тариалан, мал аж ахуй эрхлэгчид болон мэргэжлийн холбоодын оролцоог хангасан олон нийтэд нээлттэй компани болгох, хоёрдугаарт, Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгасантай холбоотойгоор тус сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй байгаа хөрөнгө, өр төлбөр, авлагыг “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит компанид бүрэн шилжүүлэх, гуравдугаарт, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хугацаа хэтэрсэн өр, төлбөрийг ангилан, улсын төсөвт төлөх өр, төлбөрийг нь хугацаа зааж барагдуулах, сангийн үйл ажиллагааны чиглэлийг тус компанид бүрэн шилжүүлж, үйл ажиллагааг хэвийн явуулах чиглэлтэй зохицуулалтыг тусгахаар болсон гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Ингээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэн, санал хураалт явуулав. Тухайлбал, “төслийн 3 дугаар зүйлийг хасах” зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн.  

Хуралдаан дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, хариулт авлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал “Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах"  мөн “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.5-т  заасны дагуу Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо боловсруулж, хэлэлцүүлэх” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь тус тус дэмжив.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


ТБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн хийлээ  
Үзсэн: 280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй