Шууд Chart

Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын цаг үеийн мэдээллийг сонслоо

2023-04-05 16:06:54

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн хуралдаан Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын цаг үеийн мэдээллээр үргэлжилсэн.

Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхөлөг танилцуулсан. Монгол Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа -2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тулгуурлан 2023 оны зорилтоо тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байгааг дэд сайд мэдээлэлдээ онцлоод 2022 онд төрөөс тариалангийн салбарт хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ, дэмжлэгийн үр дүнд 376.0 мянган га-гаас 417.0 мянган тонн үр тариа, үүнээс 394.0 мянган тонн улаанбуудай, 215.5 мянган тонн төмс, 146.8 мянган тонн хүнсний ногоо, 165.2 мянган тонн тэжээлийн ургамал, 45.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан нь 2021 онтой  харьцуулахад төмс 34.0 мянган тонноор, хүнсний ногооны ургац 28.2 мянган тонноор тус тус нэмэгдсэн нь УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн үр дүн гэж үзэж байна гэв.

Түүнчлэн тэрбээр мэдээлэлдээ, Тариаланчдынхаа санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2022 оны ургацаас Хөдөө, аж ахуйг дэмжих сан, гурилын  үйлдвэрүүд болон зах зээлд худалдан борлуулсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн 193.6 мянган тонн хүнсний улаанбуудай, 32.0 мянган тонн 10 нэр төрлийн хүнсний ногоонд холбогдох журмын дагуу нийтдээ 18.6 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон. 2023 онд 393.0 мянган га-д үр тариа, үүнээс 369.0 мянган га-д улаанбуудай, 70.0 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 19.8 мянган га-д төмс, 12.2 мянган га-д хүнсний ногоо тус тус тариалж, 351.0 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлэн, хэрэгжилтийг зохион байгуулж байгааг онцлов.

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолоор Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэн, Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хэмжээг 13 хувь байхаар шийдвэрлэж, 2023 оны төсөвтөө хүүгийн хөнгөлөлтөд зориулан 135.5 тэрбум төгрөгийг батлуулсан. Энэхүү арга хэмжээний хүрээнд нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд 5-6 хувийн хүүтэй, 2-5 жилийн хугацаатайгаар арилжааны 10 банкны эх үүсвэрээр хөнгөлөлттэй зээл олгоно. Үүнээс Газар тариалангийн үйлдвэрлэлд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар нийтдээ 120.0 тэрбум төгрөгийн зээл олгох бөгөөд үүнээс үр тариа, төмс, тос, тэжээлийн ургамал тариалагчдад 90 тэрбум, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалагчдад 30 тэрбум төгрөг хуваарилагдаж байна. Хөрөнгө оруулалтын зориулалтаар 222.6 тэрбум төгрөгийн зээл олгоно. Үүнээс газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд  37.0 тэрбум, үр тарианы таримлын  үтрэм байгуулахад 14.5 тэрбум, өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулахад 50.0 тэрбум, инженерийн хийцтэй услалтын систем байгуулахад  40.9 тэрбум, бүх төрлийн будаа, чихрийн манжин тариалах, усжуулахад  27.1 тэрбум, нийслэл хот болон 21 аймагт төмс, хүнсний ногооны зоорийн аж ахуй байгуулахад 90.0 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулж байгааг салбарын дэд сайд мэдээлэлдээ дурдсан.

Улаанбуудайн үрийн шинэчлэлийг эрчимжүүлэх, чанар сайтай элит болон сортын үрээр тариалалт хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор дотоодын ургацаас 10.9 мянган тонн үрийн нөөц бүрдүүлсэн бөгөөд бодлогын хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан манай оронд тариалж нутагшуулсан болон хөрс, цаг уурын ижил төстэй нөхцөлд тариалан эрхэлдэг ОХУ-ын Алтайн хязгаараас нийтдээ 5.6 мянган тонн элит үр импотоор авч дотоодын нөөцтэйгөө нийлээд нийтдээ 16.5 мянган тонн улаанбуудайн үрийг 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгохоор ажиллаж байна. Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн механикжуулалтын түвшинг сайжруулах, техник, технологийн шинэчлэл хийх зорилгоор тухайн жилд худалдан авсан зориулалтын техникийн үнийн  50 хувийг төмс, хүнсний ногоо тариалагчдад  буцаан олгох бөгөөд энэхүү арга хэмжээнд зориулан 4.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэв. Тариалангийн салбарт бордооны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, шим тэжээлийн бодисын алдагдлыг нөхөх, ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор бордоо худалдан авсан иргэн, аж ахуйн нэгжид үнийн дүнгийн 30 хүртэл хувийг татаас хэлбэрээр буцаан олгохоор төлөвлөж, шаардагдах 3.9 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлээд байна гэв.

Мөн тэрбээр, Хот суурин газрын иргэдийг шинэ ургацын ногоогоор тасралтгүй хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд нийтдээ 4.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий ил болон хүлэмжийн ногооны үр нийлүүлж, аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газруудаар дамжуулан олгоно. Хүнсний нарийн ногоо тариалах 20 га өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй, 500-2500 тонн багтаамжтай механикжсан агуулахын нэг маягийн зураг төслийг   үндэслэн орон нутагт баригдах газар тариалангийн зориулалттай барилга байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Усалгаатай газар тариаланг 2030 онд 100.0 мянга га-д хүргэх зорилт тавьж байгаа бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хүрээнд 40.0 сая.ам долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Завхан, Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Төв аймагт 6.0 мянган га талбайд услалтын систем байгуулах ажлыг хэрэгжүүлж эхлээд байгааг дэд сайд мэдээлэлдээ дурдлаа.

Мал аж ахуйн салбар хүндхэн өвлийг давсныг М.Ганхөлөг дэд сайд онцлоод одоогийн байдлаар малчдын түвшинд бэлтгэгдсэн өвс, тэжээл 90.0 хувийн зарцуулалттай байна. Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц өвсний 83.0 хувь, тэжээлийн 76.0 хувийг зарцуулан одоогийн байдлаар 4.6 мянган тонн өвс, 2.8 мянган тонн тэжээлийн нөөцтэй байна. Өнөөдрийн байдлаар 27.0 сая эх мал төллөхөөс 3.6 сая эх мал төллөж, 3.5 сая төл бойжиж байна. Төллөлт 13.1 хувьтай, төл бойжилт 96.8 хувьтай байна. Он гарсаар том малын зүй бусын хорогдол 821,307 толгой болж оны эхний 71.1 сая малын 1.1 хувийг эзэлж байна гэж байлаа.  

Засгийн газраас малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд зориулж найман аймагт туулах чадвар сайтай 16 автомашин олголоо. Улсын нөөцөөс 14 аймагт 1,171.0 тонн өвс, 8,624.0 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлттэй үнээр олголоо. Ховд, Архангай, Завхан аймгуудад 30 тонн дизель түлш, 20 тонн АИ-92 бензин шатахууны дэмжлэг үзүүлэв.

Мах бэлтгэгч 12 аж ахуйн нэгжид  жилийн 3 хувийн хүүтэй 53.3 тэрбум төгрөгийн зээлийг олгож нийслэлийн хаврын махны нийлүүлэлтэд зорилуан 7.8 мянган тонн мах бэлтгэв.  Адуу, хонь, ямааны махыг квотгүйгээр, үхрийн 13.0 мянган тонн махыг экспортлохоор шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд 2022 онд 16.1 мянган тонн  мах, 2023 он гарсаар 21.2 мянган тонн мах экспортод гараад байна.  Мал, махны эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор гаргасан нэг шийдвэр нь амьд малын экспорт юм. 2022 онд 28503 толгой, 2023 он гарсаар 24,540 толгой хонь, ямаа, адуу экспортлогдсон хэмээн салбарын дэд сайд мэдээлэлдээ дурдсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн аймаг сум, орон нутагт малчид худалдан авах тэжээлийн нөөц байхгүй, өвс, тэжээлийн хангамжийн үнийг нэмэгдүүлэхгүй байх боломж бололцоо байгаа ч хэрэгжилт нь хангалтгүй байгааг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан монгол төмсний га-гийн ургац буурсан, өвчлөл нэмэгдэж хэлбэр дүрс алдагдаж буй энэ үед арга хэмжээ авах шаардлагатай талаар хөндөв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын дагуу боловсруулах хуулийн төслүүд удаашралтай байгааг дурдаад салбарын яам хуулийн төслүүдээ мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлэн саналыг нь тусгах, яаралтай өргөн мэдүүлэх шаардлагатайг онцлов. Төрөөс тус салбарт үзүүлж буй үйлдвэрлэлийн дэмжлэгийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам арилжааны 10 банктай гэрээ хийснийг тодотгоод баялаг бүтээгчдийн зүгээс тэрхүү дэмжлэг эзэддээ хүргэхийг хүссэнийг уламжлахын зэрэгцээ энэ чиглэлийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд зөв, шуурхай хүргэхэданхаарч ажиллахыг хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын цаг үеийн мэдээллийг сонслоо  
Үзсэн: 642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй